Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа бөгөөд Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Фестиваль зохион байгуулах тухай” 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн Соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар болж,
2024 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд зохион байгуулж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Нүүдэлчин” дэлхийн Соёлын фестивальд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг бөгөөд эдгээр соёлын өвийг хадгалж, хамгаалахын зэрэгцээ тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, олон талт агуулга, хэлбэрээр баяжуулан, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал тавин ажиллаж байна.
Монгол туургатны олон угсаатан, ястнуудын өв соёлыг нэг дороос танин мэдэх, газар газрын өвлөн уламжлагчид нэгнээсээ харилцан суралцах, үүх түүх-үндэс угсаагаа сэргээн санах, бахархан хүндэтгэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх асар том боломжийг энэхүү фестиваль бий болгодгоороо чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Энэ жилийн “Нүүдэлчин” соёлын фестивальд Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, Ази, Европ, Өмнөд Америк тивийн 12 улс орнуудын 150 гаруй төлөөлөл оролцож байна.
Жуулчид, үзэгчид отог, өртөө бүрээр зочлон өв соёлтой танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ.