Aзийн Шинжлэх Ухааны Паркуудын Их хурал 1997 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн 27-р их хурал “Шинжлэх ухаан Технологийн Паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” үндсэн сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулагдана.
Энэхүү 27-р их хурлаар Бүсийн хөгжилд шинжлэх ухаан технологийн паркуудын гүйцэтгэх үүрэг, нөлөө; Шинжлэх ухааны паркуудын менежментийн сайн туршлагууд; Шинжлэх ухаан, технологийн паркууд тогтвортой инновацаар түүчээлэх нь; Олон улсын түншлэлээр инновацыг бий болгох ба зах зээлд нэвтрүүлэх нь; Шинжлэх ухаан, технологийн салбарт гарч буй шинэ чиг хандлагууд сэдвүүдийн хүрээнд салбар илтгэлүүд танилцуулан, хэлэлцүүлэг болно. Тус 27-р их хурлаар Азийн шинжлэх ухааны паркийн холбооны гишүүн байгууллагуудын хүндэт зочид, төлөөлөгчид, тэр дундаа оюун санааны лидерүүд, шинжлэх ухаан, технологийн болон бизнесийн салбарын манлайлагч, төлөөлөгч нар оролцох юм.
Энэ удаагийн 27-р Их хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Шинжлэх Ухааны Паркын Захиргаа болон Азийн шинжлэх ухааны паркийн холбоо (ASPA) хамтран зохион байгуулж байна.
Азийн шинжлэх ухааны паркийн холбоо нь Азийн 30 орны шинжлэх ухааны парк, техно парк, хаб, судалгаа хөгжүүлэлтийн төвүүдийг өөртөө нэгтгэсэн, тус тивийн шинжлэх ухаан, инновац, технологи чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын судлаач, эрдэмтэд, шинийг санаачлагч, хөрөнгө оруулагч, гарааны болон ахисан түвшний бизнес эрхлэгч нарын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, стратегийг тодорхойлогч, олон улсын гишүүнчлэлтэй, үнэ цэн бүхий бүс нутгийн тэргүүлэгч байгууллага юм.
Манай улсын хувьд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Шинжлэх Ухааны Паркын Захиргаа тус холбооны гишүүн байгууллага бөгөөд өнгөрсөн жилийн БНТУ-ын Станбул хотноо болсон 26 дахь удаагийн их хурлаар энэ жил Монгол улсад зохион байгуулах албан ёсны эрхийг хүлээн авсан.
Тус Их хуралд нийт 11 орны 200 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд чуулганы үеээр Шинжлэх ухаан, технологийн паркуудын хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулагдан, их хурлаас нэгдсэн зөвлөмж гарч холбогдох байгууллагуудад хүргэгдэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.aspamongolia.com вэб хуудаснаас авна уу.