ХУД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Номинреолтор” ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барихаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцлөө.
Тодруулбал, тус 69.944 м.кв газрыг “Номинреолтор” ХХК 2020 оноос 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм.
ХУД-ийн 18 дугаар хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд байдаг бөгөөд тус компанийн эзэмшиж буй газрын 7000 м.кв газарт 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих зураг төслийг 2022 онд гаргаж, санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гэвч газрын асуудлаар “Номинреолтор” ХХК-тай зөвшилцөлд хүрээгүйн улмаас сургуулийн барилгын ажил эхлээгүй хоёр жил гаран болсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллаж байх үеэр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо нь Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, улсын сургууль болон цэцэрлэг хүртээмжгүй хороодын нэг.
Өмнө нь “Номин Холдинг” группийн ерөнхийлөгч Ш.Баярсайхантай уг асуудлаар гурван удаа уулзаж байсан. Уг асуудлыг эрчимжүүлэхээр өнөөдөр дахин уулзаж байна. Хуулийн дагуу 640 хүүхдийн суудалтай сургууль барих газрыг дүйцүүлэн “Номинреолтор” ХХК-д нисэх орчимд газар эзэмшүүлнэ. Эхний ээлжид тус компани газар дүйцүүлэн хүсэлтээ өгнө.
Улмаар тус компанид газрыг дүйцүүлэн эзэмшүүлсний дараа сургууль барих газрыг нийслэл авна” гэлээ.
“Номинреолтор” ХХК-ийн Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян хэлэхдээ “Энэ газарт анх хувийн сургуулийн төлөвлөлт орсон байсан. Х.Нямбаатар даргын тавьж буй саналыг бид нааштайгаар хүлээн авч байгаа бөгөөд яаралтай зөвшилцөж, ирэх долоо дүйцүүлэн эзэмших газрын хүсэлтээ өгье” гэв.
Эx Сурвалж:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС