Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газар, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +24…+26 градус дулаан байна.
Гал түймэр:
– Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн Ёотонгийн 2 дугаар байрны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гадна 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгийн хог шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
– Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 2 дугаар хороо, Барилагчдын 7/3 дугаар байрны хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:43 цагт очиход тус байрны гадна 1х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж, унтраасан.
– Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум. Баянцагаан багийн Баянцогтын гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 23:21 цагт очиход иргэн Г-ын 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 1 цаг 12 минут ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
– Дорнод аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн “Хишигтэн” хотхон гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.05-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.
– Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн “Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/ “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Агаараас эрэн хайх, аврах ангийн 111 дүгээр анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.05-ны өдрийн 09:00 цагаас 18:00 цагийн хооронд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Аянга:
– Ховд аймаг, Мянгад сум. Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ 07.30-ны өдрийн 09:00 цагийн орчим 3 хүн малаа хариулж яваад аянгад цохиулж 2 хүүхэд нас барж, 1 хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг 08.05-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан.
Мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч 07.30-ны өдрийн 11:30 цагт очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Эx Сурвалж:ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР