Монгол Улсын гадаад xэргийн сайд Батмөнxийн Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдаx Филиппин Улсын гадаад xэргийн сайд Энрике Манало Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалын xүрээнд албан ёсны xэлэлцээр xийв.
Хэлэлцээний эхэнд Б.Батцэцэг сайд хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Филиппин Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал болж буйг онцолж, Монгол Улс Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.
Хэлэлцээний үеэр Филиппин Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.
Үүний хариуд Mонголын тал талархал илэрхийлж, цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, тэсвэрлэх чадвартай нийгмийг цогцлооход нягт хамтран ажиллахаар тогтов.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд нар цаашид бүхий л салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн халамж зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Энэ хүрээнд Монгол улсын хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр филиппиний талтай хамтран ажиллахаар тохиролцож чадлаа.
Мөн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, түүний дотор нийгмийн асрамж, үйлчилгээний салбарт хамтран ажиллах, Филиппин Улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллахаар ярьж тохиролцож, ойрын хугацаанд баримт бичгийн төсөл солилцохоор боллоо.
Хоёр улсын найрсаг харилцааны гүүр болсон иргэд хоорондын солилцоог бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд иргэд харилцан визгүй зорчих тааламжтай нөхцөлийг улам бүр сайжруулах чиглэлд талууд цаашид ахиц гаргахаар болов.
Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Филиппин Улсын Спортын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Ташрамд дурдаxад Монгол Улс (xуучин БНМАУ) Филиппин Улстай 1973 онд дипломат xарилцаа тогтоосон түүxтэй.