Зуны Олимпын XXXIII наадмын Жүдо бөхийн төрөлд өрсөлдөж зодоглосон Монголын багийн тамирчид Олимпоо дуусгав.
Энэ удаагийн зуны Олимпт Монголын эмэгтэй тав, эрэгтэй тав гээд нийт 10 жүдочин өрсөлдсөн юм.
Эдгээр 10 жүдочдоос Монгол Улсаас төрөн гарсан жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга Б.Баасанхүү энэ олимпоос мөнгөн медаль хүртсэн.
Ингэснээр тэрбээр Олимпын мөнгөн медальтай дэлхийн аварга болсон Монголын тав дахь тамирчин боллоо.
Түүнээс өмнө уг амжилтыг гаргасан дөрвөн тамирчныг дурдвал : Х.Баянмөнх, З.Ойдов, П.Сэрдамба, Д.Сумъяа нар болно.
Монголчууд анх 1980 оны Москвагийн Олимпоос жүдо бөхийн төрлөөр медаль хүртсэн байдаг.
Анх жүдо бөхийн төрлөөр Олимпын медаль хүртсэн тамирчид гэвэл Ц.Дамдин мөнгөн медаль, Р.Даваадалай хүрэл медаль хүртсэн.
Түүнээс хойш 1996 онд Д.Нармандах 1996 оны Олимпоос хүрэл медаль, 2004 онд Афины Олимпоос Х.Цагаанбаатар хүрэл медаль, 2008 оны Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр алтан медаль, 2012 оны Лондонгийн Олимпоос Н.Түвшинбаяр мөнгөн медаль, С.Ням-Очир хүрэл медаль, 2016 оны Риогийн Олоимпоос Д.Сумъяа мөнгөн медаль, 2020 оны (2021 онд зохиогдсон)
Токиогийн Олимпоос Сайд Моллай мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медалийг хүртэж байжээ.
Маргааш буюу 2024 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс чөлөөт бөхийн барилдаанууд эхэлнэ.