Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Казутоши Нишида тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлэн, орон нутгийн төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорьж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин, хот төлөвлөлт, авто зам, дэд бүтэц, инженерийн барилга, байгууламж, нийтийн тээврийн чиглэлээр нарийн мэргэжлийн мэдлэг шаарддаг салбаруудад мэргэжилтний хомсдол үүссэн тул Япон улсын туршлагатай ахлах зөвлөхүүдийг Улаанбаатар хотод ажиллуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ уламжлав.
Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Казутоши Нишида цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Ташрамд, Зүүн Хойд Азийн хотуудын чуулга уулзалтаар тухайн бүс нутгийн өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулсаар ирсэн.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС