Олон улсын хүүхдийн спортын Х их наадмыг энэ сарын 06-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Анхны наадам 2009 онд Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2011 онд ОХУ-ын Буриад улсын Улаан үд хотод тус тус зохион байгуулжээ.
Олон улсын хүүхдийн спортын Х их наадам Монгол улсад болно
Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 460 гаруй тамирчид спортын есөн төрлөөр өрсөлдөнө. Нийт 525 багц медалийн эзэд тодорно. Мөн Монгол улсын зүгээс наадмын үеэр үзүүлэх тоглолтыг үндэсний бөх, үндэсний сур харвааны төрлөөр шинэлэг байдлаар арга хэмжээг шигтгэж өгчээ.
Хүүхдийн спортын их наадмын тухай Биеийн тамир, спортын улсын хорооны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Гэрэлтэй ярилцав.
-Сайн байна уу? Энэ жил Монгол улсын биеийн тамир, спортын салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойн бас нэгэн онцлох арга хэмжээ Олон улсын хүүхдийн спортын наадам уу?
-Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр энэ наадмыг зохион байгуулж байна. 2024 оны Монгол улсын засгийн газрын 64 дүгээр тогтоолоор баталсан дотооддоо зохион байгуулагдах 8 олон улсын арга хэмжээний нэг нь тус наадам юм.
Хүүхдийн их наадамд спортын есөн төрөлд 525 багц медалийн эзэд тодорно
Энэ жилийн наадам нь илүү өргөн хүрээг хамарч олон тамирчид өрсөлдөж байгаагаараа онцлог болж байна. Мөн бид олимпийн наадам зохион байгуулагдах жил Олон улсын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулдаггүй. Энэ жил хэдий олимдийн наадам зохион байгуулагдаж байгаа хэдий ч манай салбарын хувьд түүхэн 100 жил тохиож байгаа учраас илүү өргөн хүрээтэй наадам хийж байгаа нь онцлог6
-Олон улсын хүүхдийн их наадмаас тамирчин хүүхдүүд туршлага хуримтлуулан, ур чадвараа ахиулдаг. Мэдээж энэ нь тамирчны ирээдүйн замналд эерэг үр өгөөжөө авчирдаг байх?
-Энэ наадамд оролцсоноор тамирчин хүүхдүүдийн анхны амжилтын гараа эхэлдэг. Үе үеийн олимпын аварга, тив дэлхийн алтан медалтьнууд бүгд тус наадамд оролцож амжилт гаргасан байдаг. Наадамд өрсөлдөж байсан одоогийн шилдгүүдийг тоочвол, Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч Б.Хонгорзул, боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар гэх мэт салбар салбарын манлайлагчид оролцож байсан түүхтэй.
Ярилцсанд баярлалаа.