Жавар тачигнаж, уур манан хөшилдсөн, өвлийн тэр өдөр Монголын телевизүүдийн ертөнцөд нэгэн телевиз “мэндэлсэн“ нь “Гандан“ телевиз байсан юм.
Өөрөөр хэлбэл 16–р жарны “Сайжруулагч” хэмээх усан Бар жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр өргөн үүдээ нээж, өнөр олондоо анхны нэвтрүүлгээ хүргэсэн түүхт өдөр. Бурхны шашин, түүх уламжлал, өв соёлоо залуу үедээ өвлүүлж үлдээх үндсэн чиг зорилготой.
Гангийн халуун наранд хатаж, хага хага зүсэгдэх газрын хөрс лугаа хүний сэтгэл хөрч, хүний мөс чанар доройтож байгаа энэ үед Бурхан багшийн сургааль, нигүүлсэхүй зөөлөн эерэг бүхнийг хүүхэд залуус, ирээдүй хойчид хүргэх зорилготой бие даасан телевиз, сувагтай болно гэдэг ороо бусгаа энэ нийгэмд ус, агаар мэт хэрэгтэй байсан юм.
Өнөөдөр “Гандан“ телевизийн захиралаар ажиллаж байгаа Жүгдэрийн Одгарьд гэдэг энэ залуу ламыг би эртнээс мэдэх юм.
Хэвлэл мэдээллийнхэнтэй үг хэлээ ололцчихдог, зарим үед шашны цуврал нэвтрүүлгийг ч хамтран бүтээж явсан, олонтой нийцтэй, нэвтрүүлэг, нийтлэлийн жанр, утга учрыг сүрхий мэддэг хүн. Ж.Одгарьд 29-р Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц ламын дэргэд Монголын Бурхан Шашинтны төв, Гандантэгчилэн хийдийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны ажилтан болон даргаар ажиллахдаа гайхалтай сэтгэгч, удирдагч, зохион байгуулагч өвгөн Хамба ламтнаас мөн ч ихийг сурсан гэдэг.
Бусдын эрдэм ном, гэрэл гэгээнээс хир хэмжээгээр хутгаж авах нь тухайн хүний ой ухааны ай савны хэм хэмжээний л хэрэг. 14 жил хамт ажилласан, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдад Хамба номун хан Чойжамц их бага олон ажил үүрэг болгосон дотроос дөрвөн томоохон ажлыг ихэд чухалчлан үүрэг болгосон гэдэг.
– Батцагаан дуганыг ашиглалтанд оруулахад бие, сэтгэлийг зориулах
– Азийн Буддистуудын Энхтайвны бага хурлыг сэргээх ажилд дэм болох, 2019 онд зохион байгуулах
– Богд Жавзундамба хутагтыг залах тухай
– Шашны сургааль, түүх соёлыг залуучуудад хүргэж, сурталчлах Телевизтэй болох тухай.
Хичээл зүтгэл, болгоё бүтээе гэх чин сэтгэлийн хүч, нөхдийн хамтаар шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд энэ дөрвөн хүсэлт биеллээ олсон байна.
Олон жилийн өмнөөс Телевизтэй, бие даасан сувагтай болох мөрөөдөл биелж, өнөөдөр “ГАНДАН“ хэмээх энэ телевиз өдөрт 16 – 18 цагийн эфирийг Монгол орон даяар сүсэгтэн, үзэгч олонд нэвтрүүлгээ цацах болов. Энэтхэг, Япон, Солонгос, Орос, Шри–Ланк, Сингапур зэрэг орны Буддын шашны байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж нэвтрүүлэг, контентыг үзэгч олондоо хүргэдэг болов.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багшийн номын айлдварт Монголын Бурханы шашинты тэргүүн 10-р Богд анх заларч дэлхий нийтэд алдар нэр дуурсагдахад Гандан телевиз үүсгэн байгуулагдсан зорилгоо биелүүлж шууд дамжуулж байв.
Одоо “Гандан “ телевизэд ахмад туршлагатай уран бүтээлчид, залуучуудтай гар, сэтгэл нийлэн ажиллаж байна.
Монгол түмний түүхэн уламжлалт баяр Монголын цагаан сар, Үндэсний их баяр Наадам болон Шашин соёлын “Даншиг наадам-Хүрээ цам, Бурхан багшийн их дүйчин өдөр гээд томоохон үйл явдлуудыг үзэгч олондоо газар дээрээс нь шууд болон нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдгээрээ онцлогтой юм.
Тун удахгүй Гандан телевизийн уран бүтээлчид Шашин соёлын “Даншиг наадам-Хүрээ цам” “наадмыг 3 дахь жилдээ орон даяар шууд дамжуулахаар бэлтгэлээ базаажээ.
Товчхондоо “Гандан” телевиз маш бага хугацаанд өнгө төрхөө олж монголчуудын үзэх дуртай нэгэн телевизийн суваг болон хүлээн зөвшөөрөгджээ.
Бие биенээ өршөөх нигүүсэл, уучлах ууч сэтгэл, урам зоригоор тэтгэх дулаан сэтгэл, зүрхнээс урсах үнэн үг ховордож, нүгэл буян, хар цагаан хоёрыг ялгахаа байсан, сэтгэлгээний цар хүрээ хумигдан ядуурсаар байгаа энэ цаг дор хүмүүний оюун бодлыг сүү мэт цайлган сүлэх нь бурхан багшийн сургааль мөнөөсөө мөн билээ.
Дэлхий нийтээр даяаршиж түүх соёл, өв уламжлал, шашин соёлоороо ондооших зүйлгүй болж байгаа өнөө цагт зөв ёс суртахуун, зөв сэтгэлийг тогтоон барих, оюун санааны “хатингаршил“ -ыг арилгахад Буддын шашны гайхалтай үнэн сургааль ган тайлах хурын ус мэт үнэ цэнэтэй билээ л.
Энэхүү ариун үнэн сургаалийг зүйлчлэн хүргэх, хүмүүний тархины “тэжээл“–ийг зөв зохистой байлгахад, үзэгчийн оюун санаанд бүрэлдүүлэн тогтоож, ариутган гэгээрүүлэхэд Монголын Бурхан Шашинтны төвийн дэргэдэх “Гандан“ телевизийн үүрэг юу юунаас чухал юм.
Монголчуудын соёл, өв уламжлал, сэтгэлгээний суурь болсон шашин шүтлэг хийгээд сүсэг бишрэлийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, танин мэдэхүй, түүх, шинжлэх ухаан, эрүүл мэнд, буддын шашны 10 ухаан, зан үйл зэрэг өргөн сэдэвтэй нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой, “Гандан“ телевизийн хамт олон ойрын таван жилд нэвтрүүлгийн томоохон төслүүдийг төлөвлөн, хурдтай, эрчтэй, мэдрэмжтэй ажиллахаар хичээж, зүтгэж явна.
Гуравхан настай хүүхдийг бие, сэтгэл, оюун санаа төлөвшсөн гучин настай хүнтэй жишиж зүйрлэхийн аргагүйтэй адил, гурван жил болж байгаа телевизийг гуч, хорь, тавь гаруй жил болж байгаа телевизтэй жишихийн аргагүй юм.
Тийм болохоор энд алдаа ч бий, оноо ч бий, гэхдээ өгсөнө чиг, дэвжинэ чиг, хөгжинө чиг …
Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг