Эхийн сүүгээр хооллож өссөн хүүхэд өвчлөл эндэгдлээс
ангид байх бүрэн боломжтой
Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд ‘’Ялгааг арилгая: Бүх эхчүүдийг хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе’’ гэсэн уриан дор тус аяныг хэрэгжүүлж байна.
Манай улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр иржээ.
Энэ өдрүүдтэй холбогдуулан НЭМҮТ-ийн Анагаах Ухааны Доктор Д.Отгонжаргалтай эхийн сүүний ашиг тусын талаар цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоног эхэллээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогыг 1990-ээд оноос ДЭМБ, НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж ирсэн. Хүүхдийг зөв зохистой хооллох гэдэг нь хүүхдийн өвчин эндэгдлийг бууруулах, халдварт өвчнөөс сэргийлэх, тэр тусмаа эхийн сүүгээр хооллох гэдэг нь маш чухал ач холбогдолтой. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах юм. Төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллохыг олон улсад хэрэгжүүлж байна.
-Манай улсадхүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогын хүрээнд ямар арга хэмжээг хэрэгжүүлдэг вэ?
-Монгол улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогын хүрээнд “Нялх балчир насны хүүхдийн хүнсний тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зааврыг баталсан байдаг. Энэ зааварт хүүхдийг заавал эхийн сүүгээр хооллох ба эхээс төрмөгц эхний нэг цагийн дотор ангир уургийг амлуулна гэж заасан байдаг. Ангир уураг гэдэг бол хүүхдэд шимт бодис (уураг, нүүрс ус,тос) амин дэм, эрдэс бодис, дархлааны чухал гэсэн бүхнийг агуулсан баялаг бүтээгдэхүүн байдаг.
-Жил бүр хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоногийн хүрээнд өөр өөр сэдвээр аян өрнүүлдэг. Энэ жилийн тухайд ямар чиглэлээр эл өдрийг зохион байгуулах вэ?
-Энэ жилийн хувьд ‘’Ялгааг арилгая: Бүх эхчүүдийг хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе’’ гэсэн уриан дор тус аяныг хэрэгжүүлж байна.
Энэ нь ээжүүд гэртээ болон олон нийтийн газар, албан байгууллага зэрэг хаана байхаас үл хамааран хүүхдээ эхийн сүүгээр хооллох, тэр орчныг бүрдүүлэх дээр төвлөрч манай албан байгууллагууд ч гэсэн дэмжиж, хэрэгжүүлж байгаа.
6-23 сар хүртлээ эхийн сүүгээр хооллосон хүүхэд нь
суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг
-Эхийн сүүгээр хүүхдээ тогтмол хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд ямар ач тусаа өгдөг вэ?
-Нялх балчир хүүхдийг зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож түүний дараа хоёр нас хүртэл нэмэлт болон бусад зүйлсээр хослуулж хооллох нь зүйтэй гэж үздэг. Эхийн сүү нь хүүхдийг өвчлөл эндэгдлээс сэргийлэх бүрэн боломжтой бүтээгдэхүүн ба малын болон хуурай сүүгээр хооллосон хүүхдээс хэд дахин илүү дархлаатай болж өсдөг. Мөн өвчин эмгэг ужиграх, харшилд өртөмтгий болох, эрүү шүдний гажиг, шүдний өвчлөл сэргийлдэг.
Тоон үзүүлэлтээр авч үзвэл 6-23 сар хүртлээ эхийн сүүгээр хооллосон хүүхэд нь суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг. Харин эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь, 12-23 сартайд 23 хувиар тус, тус өсдөг.
Ярилцсанд баярлалаа.