Монголчууд хайнга, хэнэггүй, хэзээний хойрго зангаараа аливаа зүйлд дадал болж, суралцахдаа тааруу гэхэд нэг их хол зөрөхгүй биз ээ. Ингэж тодотгож хатуухан хэлсний учир нь “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэдэгтэй агаар нэгэн адил.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар 2024 оны эхний 6 сарын байдлаар 13.700 гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнийг дор тоогоор нь задлан харуулъя.
- 1800 орчим хүн гэмтэж бэртсэн
- 221 хүн амь насаа алджээ.
- 26 хүүхэд амь насаа алдсан байна.
- 134 хүүхэд бэртэж гэмтсэн.
- Зам тээврийн ослын 76,6 хувь нь буюу 80 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгдэж байна.
- Зам тээврийн ослын 80 орчим хувь нь “хамгаалах бүсгүй” замын хөдөлгөөнд оролцдог.
Эхний зургаан сарын байдлаар бүхэл бүтэн 247 хүн авто ослын улмаас амь насаа алджээ. Энэ тоо зүрх зүсэм бас маш хатуу үнэн.
Монголчууд бид энхийн цагт, дайны хөлд нэрвэгдэж буй улс орон лугаа адил зөвхөн авто ослоор хэн нэгнээ харамсалтайгаар алдаж буй гунигт мэдээ өдөр бүр хөвөрсөөр…
Үүнтэй холбогдуулан ТЦА-ны Урьдчилан Сэргийлэх Хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганхуягтай ярилцлаа.
-Сайн байна уу? ТЦА-наас замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулах зорилгоор жил бүр тогтмол аяныг зохион байгуулдаг. Энэ удаагийн аяны тухай хуваалцана уу?
-Жил бүр уламжлал болгон “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл” нэгдсэн аяны хүрээнд зорилтот цуврал аяныг зохион байгуулдаг. Харин энэ онд “Амь аврах алтан гурвалжин” нэртэйгээр энэхүү өрнөж байна.
Монголд гарч байгаа ноцтой зам тээврийн ослуудад бэртэж гэмтсэн, амь насаа алдсан, эд хөрөнгөөр хохирсон иргэдийн 87 хувь нь хамгаалах хэрэгсэл буюу аюулгүйн бүсээ хэрэглээгүй явж байсан гэдэг тоо судалгаа гарсан. Үүнтэй холбоотой хамгаалах хэрэгслийн хэрэглээн дээр хяналт тавих, хамгаалах хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин энэ чиглэлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
-Зам тээврийн ослын дийлэнх нь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна гэсэн мэдээлэл байна?
-Гарч байгаа ослуудын дийлэнхи нь орон нутгийн замд бүртгэгдэж байна. Зам тээврийн ослын улмаас хүн амь насаа алдаж байгаа тохиодлуудын 76.6 хувь буюу 80 орчин хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байна.
-Энэ оны эхний зургаан сарын байдлын тоон мэдээллийг та өгч байна. Тэгвэл долоодугаар сарын дүн мэдээ хэзээ гарах вэ?
-Өмнөх сарын дүн мэдээ наймдугаар сард гарна.
Баяр наадмын өдрүүдтэй холбоотойгоор таван чиглэлийн замаар хотоос гарах хөдөлгөөн ихэсч ачаалал авдаг. Тэр үед автомашины урт цувааг гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орж мөргөлдөх төрлийн ослууд зонхилж байна. Орон нутгийн замд гарч байгаа ослуудын гол шалтгаан нь жолооч шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй замын хөдөлгөөнд оролцож улмаар мөргөлдөх, онхолдох ослууд ихэвчлэн бүртгэгддэг. Мөн мал амьтан дайрах, зогсож буй машины араас мөргөх, бусад цагаар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцлөөр хийх зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осол гарч байна.
-Орон нутгийг зорьж буй иргэдэд та анхааруулга зөвлөмж өгнө үү?
-Орон нутгийг зорьж байгаа жолооч иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дагалдах хэрэгсэл буюу анхны тусламжийн хайрцаг, эмийн сан, галын хор, ослын зогсолтын тэмдэг зэрэг зүйлсийг зөвхөн цагдаад шалгуулах зорилгоор авч явахгүй байх хэрэгтэй. Дагалдах хэрэгслийг шалгах явцад анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн байхгүй, хугацаа нь дууссан, галын хор нь ажиллагаагүй гэх мэт зөрчлүүд их илэрч байна.
-Нийслэлд зуны улиралд унадаг дугуй, скүүтер, суроны хэрэглээ нэмэгддэг болжээ. Үүнтэй холбоотойгоор сэрэмжлүүлэх мэдээллийг өгнө үү?
-Хүүхэд өртөж бэртэж байгаа ослууд ихэвчлэн унадаг дугуй, сурон, скүүтрийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Мөн эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэсэн алдаанаас болж гэмтэж байгаа шалтгаан нөхцлүүд байна. Иймээс иргэд дор бүрнээ хариуцлагатай, өөртөө хайртай байж, гэр бүл, дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцож байхыг зөвлөе.
ТЦА: Иргэдийг орон нутгийн замд зорчихдоо
Хамгаалах бүсээ заавал зүүх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангах, жолоочийн машинд дагалдах хэрэгслийг ягштал бэлтгэх, цаг агаарын мэдээллийг цаг тутамд авч байх, үер усны аюулаас болгоомжлох, гол мөрнөөр зорчихдоо гарцтай албан ёсны гармаар гарах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.