Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнгөнцэцэгийн Энхжаргал гэж хэн бэ?
М.Энхжаргал Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав Завхан аймгийнх, харин ээж нь Улаанбаатар хотын уугуул ажээ. Тэрбээр боксын спортын ОУХМ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч цолтой тамирчин юм.
Хөлбөмбөгийн тамирчнаас тулааны спорт руу хөрвөсөн охины
амжилт болон боксын спортын замналыг танилцуулъя
М.Энхжаргал дэлхийн аваргын даваа ахих тусам өөртөө итгэх итгэл улам төрж байлаа
М.Энхжаргал 2023 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий рингэнд нийт таван тулаан хийж дөрвөн ялалт авснаар хүрэл медаль зүүсэн билээ. Тэрбээр Монголын эмэгтэй боксчдоос гурав дахь дэлхийн медальтан болсон юм.
Эмэгтэй ширэн бээлийтнүүдийн өмнөх амжилтуудыг сөхвөл “Улаан-Үүд-2019” ДАШТ-ээс МУГТ М.Нандинцэцэг хүрэл медаль зүүснээр анхны дэлхийн медальтан болсон. Мөн Шинэ Делигээс ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медал хүртсэн.
ОУХМ М.Энхжаргал тухайн үедээ дэлхийн аваргын даваа ахих тусмаа өөртөө илүү их итгэл дүүрэн болж байснаа дурсан ярьсан байдаг.
Түүний Олон улсын амжилтууд
-2015 оны өсвөрийн ДАШТ-ий хүрэл медаль
-“Ташкент-2022” U22 ангиллын анхдугаар Ази тивийн АШТ-ий алтан медаль
-2022 оны Дэлхийн цомын алтан медаль
-“Дели-2023” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль
Дотоодын тэмцээний амжилтууд
-2011 оны “Шижир алт” тэмцээний мөнгөн медаль
-Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга
-Залуучуудын УАШТ-ий хошой аварга
-Монголын Бүх ард түмний спартикадын насанд хүрэгчдийн 60 кг-ийн алтан медаль
-2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
-Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий 2 мөнгө, 2 хүрэл медаль
-“Шилдэг найман боксчин” тэмцээний мөнгөн медаль
“Алдар” спорт хорооны тамирчин М.Энхжаргалын багш дасгалжуулагчийн тухай
2011 онд “Алдар” спорт хороонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшийн гарынх нь шавиар элсэн орж боксын спортоор хичээллэж эхэлжээ. Мөн туслах дасгалжуулагч ОУХМ Ж.Отгонбаяр багштай ерөнхий бэлтгэлээ хангадаг бөгөөд энэ хоёр багшийнхааудирдлага дор одоог хүртэл боксын спортоор хичээллэж байна. Тэрбээр боксын спорт руу алхан орохоос өмнө “Алдар” спорт хорооны хөл бөмбөгийн секцэнд явдаг байжээ.
“Парисыг зорих тийз өвөртөлсөн нь”
“Парис 2024” зуны олимпын боксын спортын эрх олгох энэ оны хоёр дахь тэмцээн “2024 World Boxing Olympic Qualification Tournament 2” Тайландын Бангкок хотод болсон. Тус тэмцээний найм дахь өдөр эмэгтэй -54 кг жинд Мөнгөнцэцэгийн Энхжаргал Венесуэлийн Йохана Гомезыг ялж Парисыг зорих тийзээ өвөртөлсөн юм.
Түүний хувьд эхний шатанд Япон, хоёр дахь шатанд Канад, эцэст нь Венесуэлийн 10 удаагийн аваргыг ялж анх удаа олимпод оролцохоор болсон нь энэ юм.
Парисын олимпын шигшээ наймд үлдсэн М.Энхжаргал маргааш тулалдана
Парисын Олимпын боксын төрөлд манай улсаас хоёр эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагийн нэг нь М.Энхжаргал.
Түүний хувьд эхний тойрогт хүчтэй өрсөлдөгч Италийн Сирин Чираабиг илт давуу буулган авсан. Тэгвэл хоёрдугаар тойргийн өрсөлдөгч нь энэ жингийн медалийн тааврын тэргүүн эгнээнд яригдаж байсан Румыны 30 настай боксчин дэлхийн аваргын мөнгө, Европын наадам, Европын аваргын мөнгөн медальт Румыны боксчин Перижоц Лакрамиоара байв.
Тулааны эхний үед манай боксчин 3:2-оор ялагдсан. Гэсэн хэдий ч хоёр болон гуравдугаар үед М.Энхжаргал илүү санаачилгатай, оновчтой цохилттой, дайчин байсны үр дүнд 4:1-ээр ялж, шөвгийн наймд шалгарч чадсан. Тэрбээр энэ тулааныхаа талаар ярихдаа “Маш хүнд тулаан боллоо. Хамгийн хүчтэй өрсөлдөж энэ байлаа. Бие халаалт хийж байхад бие маань нэлээд хүндэрсэн учраас эхний үед хүссэн тулаанаа хийж чадаагүй. Харин үлдсэн үеүдэд тактикаа боловсруулж, багш нарынхаа зөвлөсний дагуу тулалдаж яллаа” гэв.
Одоо Олимпын шигшээ наймын тулаанаа 2022 оны дэлхийн аварга Туркийн тамирчин Хатич Акбастай хийнэ. Түүнийг ялсан тохиолдолд Олимпын наадмын хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болно. Уг тулаан наймдугаар сарын 01-нд буюу маргааш болох хуваарьтай байна.
Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, “Рио-2016” олимпын наадмын үрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай нар ажиллаж байгаа билээ.