“Парис-2024” зуны олимпын XXXIII наадам эхлээд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Монголын баг тамирчид долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар жүдо бөхийн төрлөөс нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай медалийн тоо чанараар 8 дугаар байрт бичигдэж явна.
Дэлхий нийтээрээ тэр дундаа Монгол улс даяараа олимпоор амьсгалж буй энэ өдрүүдэд бид спортын үнэнч дэмжигч байж, баг тамирчдаа хэзээд дэмжсээр ирсэн иргэдтэй цөөн хором ярилцаж тэдний сэтгэгдлийг сонсов.
Спортын фэнүүд: Монголынхоо баг тамирчдыг медалийн тоогоо ахиулахыг хүсэн ерөөе
-Олимпод оролцож буй Монголын тамирчдаас Б.Баасанхүү болон бусад тамирчдаа дэмжиж байгаа. Б.Баасанхүү маань монголынхоо ард түмний итгэлийг алдахгүй мөнгөн медаль авлаа. Олимпод оролцож байгаа бүх тамирчдадаа амжилт хүсье. Аливаа юм цаг цагаараа байдаг. Мэдээж тодорхой цаг хугацаанд ахиж дэвшдэг. Энэ жилийн тамирчдын хувцас хэрэглэл монголынхоо өв соёл, уламжлалыг багтаасан, их сайхан тааламжтай загвартай, өнгөний хувьд ч гэсэн боломжийн сонголт гэж үзэж байгаа.
-Олимпоос жүдогийн тамирчдаа илүү дэмждэг. Жүдо, чөлөөт бөх гээд барилдааны төрөлд оролцож байгаа бүх тамирчдынхаа барилдааныг шимтэн үздэг. Энэ жилийн олимпын наадам илүү өргөн дэлгэр болж байгаа. Өмнөх Токиогийн олимпын наадам ковидтой жил таарсан учраас үзэгчдийн нүргээнгүй, дэмжигчидгүй байсан нь их уйтгартай санагдсан. Монголоо төлөөлж оролцож байгаа бүх тамирчид медалийн тоогоо ахиулах болтугай бүгдэд нь амжилт хүсье.
-Монгол тамирчдаа хараад огшиж, бахархаж үзсэн. Олимп бол бүх улс орны эв нэгдлийн спорт. Монголын тамирчид улс орныхоо далбааг олимпын тэнгэрт өргөсөн сайхан үйл явдал болж байна. Парис бол хайрын хот. Сена мөрний эрэг дагуу усан онгоцон дээр олимпын нээлт хийсэн нь өвөрмөц гайхалтай санагдсан. Тамирчид маань бүгдээрээ хүчтэй байсан. Хамгийн гол нь олимпод оролцох эрх авна гэдэг нь чухал. Бүгдээрээ л хөлс хүчээ шавхаж байгаа. Бүх тамирчдадаа амжилт хүсье.
-Манай Монголчууд бүр цаанаасаа тэмцэгч, тийм нэг гоё зоримог чанартай байдаг. Иймдээ ч Монголчууд зуны олимпод 1964 оносо эхлэн оролцсон 60 жилийн хугацаанд нийт 30 медаль хүртсэн байсан. Тэгвэл энэ удаагийн Парисын татамигаас Б.Баасанхүү мөнгөн медаль эх орондоо авчирч 31 дэх медалийг зүүсэн нь үнэхээр бахархам, огшмоор үйл явдал болсон. Ер нь би боддог юм. Монголчууд хүн ам цөөхүүлээ хэрнээ, бусад хөгжсөн орнуудтай харьцуулахад медалийн чанар, тоогоороо яг энэ хүн амдаа хуваахад маш өндөр үзүүлэлт гарч ирдэг. Тэгэхээр яахын аргагүй улс эх орны нэр нүүр, Монгол гэдэг улсыг дэлхий, олимпод дуурсгаж, тамгалж яваа нь гайхалтай. Олимпод өрсөлдөж буй бүх тамирчиддаа өндөр амжилтыг хүсье.