Зуны хэдхэн саруудад иргэд аль болох агаар салхинд гарч, дотооддоо аялахыг илүүд эрмэлздэг болсон. Энэ нь ч иргэдийн эрүүл мэндэд ач тустай. Ингэхдээ хамгийн гол нь иргэд өөртөө хайргүй, хэнэггүй хандаж биеэ өвтгөж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Иргэд хөдөө орон нутагт аялж зугаалахдаа хоорондоо зохицохгүй хоол хүнсийг хольж идэж уух нь маш элбэг. Тодруулбал, хорхог болон өөх тостой хоол хэрэглэсний дараа гаазтай ундаа, хүйтэн зүйл уух нь нойр булчирхай, элэг цөсийг үрэвсүүлэх гол шалтгаан болж байна. Мөн зөв зохистой амрахын оронд архи, согтууруулах ундааг хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Түүнчлэн хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сарыг сайтар шалгахгүй худалдаж авах, цаашлаад холын замд авч гарсан хоол хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг алдагдуулан хэрэглэх нь шуудхан хэлэхэд өвчлөлийг өөртөө худалдаж авч байна гэсэн үг. Иймээс бид иргэд, дотоодын аялагч нарт зөвлөгөө мэдээллийг хүргэхээр нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлах эмч Г.Энхжинтэй цөөн хором ярилцлаа.
Иргэд аялахдаа хоол, хүнсний зөв зохистой хэрэглээндээ анхаармаар байна
-Сайн байна уу? Аялал зугаалгын саруудад иргэд хөдөө орон нутгийг зорьдог. Нэг хоногт танай төв дээр эмнэлгийн түргэн тусламжийн хэдэн дуудлага ирж байна вэ?
-Манай төвд хоногт дунджаар 1200-1300 орчим дуудлага ирж байна. Орон нутагт аймаг сумдын ойн баяр наадам их болж байна. Энэ өдрүүдэд хоол боловсруулах замын цочмог болон архаг үрэвсэлтэй холбоотой дуудлага өсөн нэмэгдэж байна. Мөн хоолны хордлого, наршилт гэх зэрэг дуудлага хоногт нэлээн ирж байгаа.
Могойд хатгуулах тохиолдол нэмэгдэж буй учраас иргэдийг
болгоомжтой аялахыг анхааруулъя
-Иргэд ууланд, модонд алхах, аялж зугаалахдаа өөрсдөө аюулгүй байдлаа сайтар хангах нь зүй ёсны хэрэг. Сүүлийн үед могойд хатгуулсан дуудлага ихэссэн гэсэн мэдээлэл байна.
-Хөдөө орон нутгаас гадна нийслэлд бороо орсны дараа иргэд ууланд алхахдаа могойд хатгуулах дуудлага нэмэгдэж байна. Мөн осол гэмтлийн дуудлага ч багагүй хувийг эзэлж байгаа. Хамгийн гол нь ард иргэд маань орон нутагт зорчих, аялахдаа өөртөө хайртай байж, эрүүл мэнд, аюулгүй байдлынхаа төлөө онцгой анхаарах ёстой. Мөн бага насны хүүхдээ наршилт, хоолны хордлого авах эрсдлээс сэргийлж эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой аялж амармаар буйг мэргэжлийн хүний үүднээс зөвлөж байна.
Дээр нь нэмээд зөвлөхөд идэж ууж буй хоол хүнснийхээ хадгалах хугацаа, горим бүх зүйлс дээр жаахан анхаарал хандуулахгүй бол гэдэсний халдварт өвчин, хэвлий өвдсөн дуудлага маш ихэссэн байна. Үүнд чанартай хоол хүнс болон хадгалах хугацаа хадгалалтын горим зэргийг алдагдуулахгүй хэрэглэхийг зөвлөж байна. Бас архи согтууруулах ундааг, өөх тостой хоол хүнстэй хольж хэрэглэх нь нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэх гол шалтгаан болоод байна. Үүнтэй холбоотойгоор хүндрэл үүсэх, цаашлаад амь насанд аюултай зүйлс зөндөө тохиолддог учраас иргэд эрүүл мэнддээ хайртай байхыг зөвлөе.
Ярилцсанд баярлалаа.