Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд 2022 оноос эхлэн 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 800 метр даланг бариад байна.
Харин өнөөдөр үлдсэн 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Уг ажлыг сарын хугацаанд хийж дуусахаар төлөвлөж буй.
“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Улаанбаатар хотод 163 км үерийн хамгаалалтын барилга байгууламж байдаг бөгөөд манай байгууллага эзэмшил, ашиглалтыг хариуцаж ажилладаг. Цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ гэсэн тооцоо судалгаа гарсан.
Өнгөрсөн онуудад эл байршилд буюу Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар орчимд үер буудаг байсан.
Иймээс манай байгууллагаас зураг төслийг нь боловсруулж, өнөөдөр угсралтын ажлыг эхлүүлээд байна” гэв.
Энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд Энхтайваны гүүрэн доор далавч хана, Хайлаастын үерийн хамгаалалтын далан, 25 дугаар эмийн сангийн хойно, “Сүнжин гранд” зочид буудал болон “Бөмбөгөр” худалдааны төв орчмын босоо ханыг засварлаж байна.
Өнөөдрийн байдлаар ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа юм.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС