“Цэвэрч иргэн-цэмцгэр хот” тусгай арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн хог хаягдлын менежмент, тээвэрлэлтэд хяналт тавьж, зөрчил арилгуулж буй.
Өнөөдөр УБЗАА-ны холбогдох мэргэжилтнүүд ХУД-ийн 17 дугаар хороо, “Кинг тауэр” орчимд ажиллалаа.
Тодруулбал, тус хороонд сууц өмчлөгчдийн дөрвөн холбоо үйл ажиллагаа явуулдаг. Гэвч эдгээр СӨХ нь оршин суугчдын хог хаях цэгийг одоог хүртэл шийдэж өгөөгүй байна.
Улмаар ил задгай хог хаяж, орчны бохирдол үүсгээд байгаа юм.
Энэ талаар УБЗАА-ны орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал “ХУД-ийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг СӨХ-ууд оршин суугчдын ахуйн хог хаягдлыг хаях цэгийг одоо хүртэл шийдэж өгөөгүй байна. Энэ хавьд орчны бохирдол үүсээд байгаа учраас УБЗАА-наас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Кинг тауэр орчмын зөвшөөрөлгүй хогийн цэгийн хог хаягдлыг тээвэрлэж байна.
Гэвч эдгээр СӨХ-ууд хог ачилтын гэрээгээ байгуулдаггүй, төлбөрөө төлдөггүй” гэлээ.
ХУД-ийн 17 дугаар хорооны зарим хорооллын оршин суугчид СӨХ-ын мөнгөө цаг тухайд төлдөггүй улмаас СӨХ нь хог тээврийн гэрээгээ тээвэрлэгч байгууллагуудтай хийдэггүй. Цаашид СӨХ болон иргэд уг асуудал дээр анхаарч хоггүй амьдрах орчноо бүрдүүлэх хэрэгтэйг “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Цогтсайхан хэлж байв.
Эx Сурвалж:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС