УИХ дахь Хүний эрхийн дэд хороо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амь насаа алдсан гэх 21 настай иргэний асуудлаар мэдээллийг сонсож байгаа билээ. Тус хуралдааны үеэр ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар дараах байр суурийг илэрхийллээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Эрүүдэн шүүсэн гэх алба хаагчдыг яллагдагчаар татаагүй байна
“Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай амь хохирогч 2024 оны долдугаар сарын 22-нд амь хохирсонтой холбогдуулаад ХЭҮК үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд цагдаагийн байгууллагаас дэд даргатай нь холбогдож, 23-нд мэдээллээ ирүүлсэн юм.
Улсын нэгдсэн III эмнэлгийн эмч нартай уулзсан, биеийн байдал онош, эмчилгээ үйлчилгээг тодруулсан. ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид ажилласан. Амь хохирогчийн хувийн хэрэгтэй танилцлаа, эмчилгээ үйлчилгээг үзсэн. Камерын бичлэг үзлээ, албан хаагчидтай уулзаж болсон явдлын талаар ярилцлаа.” гэв
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Би ёсзүйн хариуцлага хүлээхэд бэлэн
Тэрбээр “Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар зөвхөн прокурорын байгууллагад танилцуулаад прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд иргэдэд мэдээлэл өгдөг. Мөн нийгэмд гараад байгаа амь нас хохирсон мэдээлэлтэй холбоотой мэдээллийг өгөх үү, эс өгөх үү гэдгийг ЦЕГ-ын дарга мэддэг.
Манай алба хаагчид бидний өгсөн мэдээлэл дотор яг хуулынхаа дагуу 461 дүгээр ангид хоригдож байсан амь хохирогчийн тал дээр ямарваа нэгэн зүйл зөрчөөгүй гэж үзэж байна.
Цагдаагийн алба хаагчидтай холбоотой гэмт хэргийг АТГ-аас шалгаж байна. Өнөөдөр надад ирсэн энэ хэрэг дээр хэдэн цагдаагийн ажилтныг яллагдагчаар татагчихсан байгаа вэ гэдэг асуудал дээр надад ч мөн мэдээлэл байхгүй байна. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц. Тийм учраас бидэнд ямар ямар алба хаагч нар шалгагдаж байгаа, ямар алба хаагч яллагдагчаар татагдсан талаарх мэдээлэл байхгүй байна. Бүх процесс дууссаны дараа л бүх зүйл тодорхой болно. Би бол ёсзүйн хариуцлага хүлээхэд бэлэн. “Танай алба хаагчид хүн зодсоор байгаад алсан байна” гэх юм бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.” гэв.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хувь хүний эмзэг мэдээллийг задруулсан байвал буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ
“Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан 21 настай иргэн О-гийн ар гэртэй хэд хэдэн удаа утсаар ярьсны эцэст нэг удаа уулзсан. Ар гэрийнх нь зүгээс үндсэн гурван гомдол мэдүүлж байгаа.
Тодруулж хэлбэл, амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас задруулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж үзүүлсэн. Тусламж үзүүлэхдээ гав хэрэглэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн. Мөн талийгаач өмнө нь эрүүдэн шүүгдсэн асуудлаараа АТГ-т гомдол гаргасан ч түүнийг нь шалгаж тогтоогоогүй цаг алдсан асуудал нь амь хохирох нэг үндэслэл болсон гэдэг шалтгаануудаар бидэнд хандсан байгаа. Манайхаас хамтарсан багийн ажлын хэсэг гарган хяналт, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эхний байдлаар цагдаагийн байгууллагад ямар нэг амь хохирогчийн талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй нийтэд мэдээлэхдээ хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх хатуу чиглэл өгсөн. ШШГБ-аас үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байсан гэдгээ мэдэгдсэн.
Цаашид анхаарах шаардлагатай асуудал нь баривчлах, цагдан хорих ажиллагааг биелүүлж байгаа тохиолдолд алба хаагч нар тухайн хүний үндсэн эрхийг зөрчихгүй байхад анхаарах шаардлагатай байгаа бөгөөд хорих ангид ял эдэлж байгаа хүмүүст үзүүлэх эмч, мэргэжлийн хүмүүсийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, зарим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах болно” гэв.