Нийслэлийн зам засвар арчлалтын хүрээнд III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Басхүү “Баянгол дүүрэг, Энэбишийн өргөн чөлөөний нийт 1.8 км үргэлжлэх авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн хүрээнд зургаадугаар сарын 10-16-ны хооронд III, IV хорооллын эцсээс Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилсэн. Харин хоёрдугаар хэсэг болох Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх урд талын хэсгийн засвар шинэчлэлтийг долоодугаар сарын 20-22-ны хооронд хааж асфальт бетон хучилтын ажлыг хийсэн.
Үлдсэн хэсэг буюу Ахуйн үйлчилгээний төвийн уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд талын хэсгийн авто замын хөдөлгөөнийг энэ амралтын өдрүүдэд хаан, засвар шинэчлэлтийг хийнэ.
Энэ хүрээнд байгалийн боржин чулуун болон бетон хашлага суурилуулах, борооны ус зайлуулах инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг хийх юм” гэлээ.
Ташрамд, энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 16 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд буй.
Мөн нэмэлтээр “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэл, 22-ын товчооны авто замын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх Сурвалж : НЗДТГ