Японы мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр түрүүлж, түрүүнийхээ тоог хоёр оронтой тоонд хүргэлээ.
Ингэснээр тэрбээр сүмогийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадоржийн амжилтыг эвдэж, сүмогийн 52 дахь аварга Китанофүжи аваргын амжилтыг давтлаа.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд 2015 оны тавдугаар сарын Нацу башёд түрүүлж, улмаар 2017 он хүртэл мэргэжлийн сүмогийн дээрээсээ хоёр дахь том цол болох Озеки цолтой барилдаж байсан юм.
Гэвч тэрбээр маш хүнд гэмтэл авч, улмаар зиндаа бууран доороосоо хоёр дахь зиндаа болох Жонидан хүртэл уруудсан юм. (Санякү цолтой барилдаж байсан бөхчүүд Жүрёгоос доош унавал олонх тохиолдолд зодгоо тайлдаг).
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дахиж бүхнийг эхлүүлэн зүтгэсээр дээд зиндаанд дахин гарч ирэн улмаар Озеки цолоо давуулан Ёкозүна буюу Аварга цолыг хүртэж өдгөө 10 дахь түрүүгээ хүртлээ.
Тийм хэдий ч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга нь өвдөгний хүнд бэртэлтэйгээ тэмцэлдсээр байгаа юм.
Тэрбээр энэ талаар: Гэмтэл, бэртэлтэйгээ найзлаад л явж байна даа” гэжээ.