7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгдсэн бол Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг/, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/зэрэг голуудын усны түвшин 10-45 см нэмэгдэж, Туул /нийт уртын дагуудаа/, Хэрлэн /эх болон адаг хэсгээрээ/, Хурх, Үүр зэрэг голууд үерийн түвшинг 10-50 см даван үерлэж байна.
Түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-15 см давсан хэвээр байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 25-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 40-55 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна.
Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ