Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчим, төв замын хойгуур Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.
Тэрбээр Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн орон сууц нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ, дулаан цахилгаан дутмаг болж буй. Үүнтэй уялдуулж уг байршилд хос дулааны шугамыг шинээр угсарч байна. Шугам хоолойн шинэчлэлтийн ажил 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд халаалтын улирал буюу есдүгээр сараас өмнө ашиглалтад оруулахаар 24 цагаар ажиллаж байгаа.
Уг 60 Гкал/цаг хүчин чадалтай дулааны шугам нь Баянзүрх дүүргийн бага чадлын уурын зуух болон гэр хорооллын айл өрхийг дулаанаар хангана.
Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг багасгахын тулд эхлээд дэд бүтцийг нь шийдэж байгаа гэдгийг онцолж байв.
Улаанбаатар дулааны шугам сүлжээний инженер С.Мөнхбаяр:
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 400 мм голчтой хос хоёр шугамыг шинээр татаж буй. Амгалан дулааны станцын зүүн талаас Улиастайн гүүр хүртэл 1.5 км дулааны шугамын ажил үргэлжилж байна.
Тухайн шугам нь халаалтын зуух ашигладаг айл өрхүүд болон шинэ төлөвлөлтийн бүсүүдийг дулаанаар хангах юм.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС