Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар үндэсний бөхөд тулгамдаад байгаа Допингийн асуудлын талаар шүүмжилж байр сууриа илэрхийлж байжээ.
Тэрбээр: Бөхчүүдээс долоодугаар сарын 12-ны орой Допингийн шинжилгээ гээд нэг юм авдаг. Авч байгаа хүн нь энэ чиглэлээр мэргэшсэн хүн үү, дадлагын оюутан уу гэдгийг нь хэн ч мэддэггүй.
Хариу нь баахан удаж байгаад ирдэг. Тэр хооронд юу болоод өнгөрснийг хэн ч мэддэггүй.
Допингийн шинжилгээ авна гэж байгаа бол шинжилгээний процесс нь ил тод, нээлттэй, ойлгомжтой байх ёстой. Мөн хариу нь 24 цагийн дотор гардаг байх ёстой.
Эс бөгөөс бөхчүүдэд бас эрх гэж нэг юм байх ёстой.
Хэрэв допингийн шинжилгээ нь ойлгомжгүй, хаалттай, ил тод биш, тодорхойгүй байх юм бол Сэлэнгийнхэн Б.Орхонбаярыгаа, Өвөрхангайнхан Ц.Бямба-Отгоныгоо, Архангайнхан С.Сүхбатыгаа, Завханыхан М.Лхагвагэрэлийгээ, Сүхбаатарынхан Н.Өсөхбаярыгаа шинжилгээ битгий өгүүл.
Бөхчүүд ч бас хүн. Тэдэнд чинь аав ээж, ах дүү, найз нөхөд, нутаг усныхан гээд байгаа.
Допингийн шинжилгээ нь олон сайхан бөхчүүдийн амьдралаар тоглолоо. Би гурван сайхан хүүтэй. Гэхдээ барилдуулахгүй” гэжээ.
Ташрамд дурдхад Х.Мөнхбаатар нь 2007 оны үндэсний их баяр наадмын түрүү бөх бөгөөд нийт 11 удаа шөвгөрч байжээ.