Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа.
Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Бурхан буудай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Лам хуврагууд Буман цагаан судар, Бурхан буудай хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын “Засагт хан” клубын харваач, Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, Говь-тус аймгийн Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.
Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутгийг дамнан орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтанд авсан түүхтэй.
Уулын ноён оргил нь 3,765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх, асга нуранги ихтэй. Уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран гол эх авч урсдаг.
Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс, жимсгэнэ ургадаг.
Аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувуу элбэгтэй. Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр байц хад, хадан хавцал байдаг.
Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж иржээ.
Эх сурвалж: President.mn