Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 900 мм голчтой 392 метр урт цэвэр усны шугамын угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.
Тэрбээр: Улаанбаатар хотын барилгажилт тэлж, хүн амын тоо өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ дутмаг болж буй. Үүнтэй уялдуулж Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг байршилд нэмэлтээр 900 мм голчтой шинэ шугам угсарч байна. Уг төсөл 2019 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн өвөл гүүрэн доорх сувагчлалын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Одоо шугам хоолойн холболтын ажил хийж буй юм. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг багасгахын тулд эхлээд дэд бүтцийг нь шийдэж байгаа” гэдгийг онцолж байв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Дулаан хангамж агаар сэлгэлтийн хяналтын инженер Р.Дамбадаржаа:
–Цэвэр усны шугамын угсралтын хувьд жил бүр урсгал засвар орох шаардлагагүй учир хонгилын систем хийхгүйгээр шууд газар булж байгаа. Тухайн шугам нь 50-60 жилийн баталгаатай.
Уг байршилд 700 мм голчтой ган хоолой бүхий цэвэр усны шугам байгаа бөгөөд нэмэлтээр 900 мм голчтой шугам хоолой угсарснаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэвэр усны хэрэглээг бүрэн хангах боломжтой болж байгаа юм.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС