Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын 33 наадам нээлтээ хийхэд 6 хоног үлдлээ.
“Парис 2024” наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр байт харвааны тэмцээн эхэлнэ.
Байт харвааны тэмцээн энэ сарын 25-ны өдөр урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхлэж, наймдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.
Манай улсаас Азийн наадмын аварга Б.Отгонболд өрсөлдөх юм. Б.Отгонболд долоодугаар сарын 25-нд урьдчилсан буюу шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харвааг хийж, долоодугаар сарын 29-нд хасагдах шатанд өрсөлдөх юм.
Б.Отгонболд 2023 онд “Ханжоу-2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга болж, “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрх авсан.
Тэрээр Азийн наадамд одтой наадаж, олимпын медальт Японы Такахару Фүрүкава, Тайваний Тан Чи Чун, эзэн орны харваач Жи Шиан Шоу-г нарыг дараалан ялж, дэлхийн хэмжээний шилдэг харваач болсноо тунхаглан, Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны харваач болсон юм.
Монгол тамирчдаас Дэлхийн аварга цолыг хамгийн анх байт харваагаар Монгол Улсын гавьяат тамирчин Должингийн Дэмбэрэл хэмээх эмэгтэй ДАШТ-ээс 49 жилийн тэртээ хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байсан билээ.
Б.Отгонболдын 2015 онд дэлхийн цэргийн Их наадмаас холимог багийн төрөлд алтан медаль, 2018 онд Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын сорилго тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байсан юм.
Гэрэл зургийг Ч.Ганбат “Toкио 2021”