7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг /Зүүнбүрэн-Сүхбаатар/ орчимд мөн Орхон голын адаг /Сүхбаатар/, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн /Чойбалсан/, Халх, Барх, Улз, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул /Заамар/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Балж, Онон, Хэрлэн /Чойбалсан /, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.
Өнөөдөр Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орох тул гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг дагуу байрлахдаа үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ