“Оюу толгой” компани нь ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа хамгаалах эрхийг хүндэтгэж, хамтын хэлэлцээг эхлүүлэх саналыг бүрэн дэмжсээр ирсэн. Харин аливаа хууль зөрчсөн үйлдэл, дарамт шахалт, дээрэлхэлтийг тэвчихгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Өнгөрсөн 7 дугаар сарын 8-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хууль зөрчин ажил хаялт санаачилж, зохион байгуулсан ба түүнд оролцсон ажилтнуудын асуудлыг тус компанийн холбогдох журмын дагуу хянан шалгаж байна.
Мөн бусдыг дээрэлхэж, дарамт шахалтад оруулсан тухай таагүй мэдээлэл бидэнд ирж байгаа нь зарим ажилтан дээрх ажил хаялтад албадлагаар оролцсон байж болзошгүйг илтгэж байна. Шалгалтын хүрээнд үүнийг компанийн дотоод дүрэм журмын дагуу нэгд нэгэнгүй, үнэн зөвөөр шалгана.
Хариуцлагатай бизнес явуулахад бид холбогдох хууль, дүрэм журмыг чандлан мөрдөхийг онцгойлон чухалчилдаг. “Оюу толгой” компани нь үүсээд буй асуудлыг үр дүнтэй, хүндэтгэлтэй байдлаар, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх болно.
Бид үйлдвэрчний эвлэлийн хороодтой хамтын хэлэлцээг цаг алдалгүй эхлүүлж, бүх ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг нь дэмжсэн, бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг хангасан хамтын гэрээг байгуулахыг зорьж байна.
Олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэхэд мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхний нөлөө чухал билээ. Аливаа асуудлын холбогдох талуудын албан эх сурвалжид суурилсан тэнцвэртэй мэдээллийг хүргэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье.
2024 оны 7 сарын 16
Хүндэтгэсэн,
Хэвлэл мэдээллийн баг