Аливаа улс эх орны нэрийн хуудас бол спорт юм. Тэр дундаа өөрийн эх орондоо шаардлага шалгуурыг нь хангаад Олон улсын далайцтай, чансаа өндөртэй томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулна гэдэг нь нэр төрийн хэрэг билээ.
Монголын Жюү жицүгийн холбоо хэдийнээ арвин туршлагатай болжээ. Монгол улсын нэр хүндийг Олон улсад, тив дэлхийд хүргэж чадсан тус холбоо энэ удаад Зүүн Азид нэрээ мөнхөллөө. Энэ бол 10 гаруй жилийн түүхтэй, юү жицүгийн спортыг хурдацтай хөгжүүлж яваа холбооны хамт олны олон жил уйгагүй, асар их хөдөлмөрийн үр шим. Мэдээж эхлэл цэг амаргүй байсан. Гэхдээ тэд чадсан гэдгээ бодитоор харуулсаар явна.
Монголчууд наадамдаж дуусаад, дөрвөн өдрийн туршид спортоор завсаргүй амьсгалсаар завгүй өдрүүдийг өнгөрүүлэв.
“Ulaanbaatar Pro” Олон улсын тэмцээн 6 дахь жилдээ зохиогдов
“Ulaanbaatar Pro” Олон улсын тэмцээнийг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Тус тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар медалийн эздээ тодрууллаа. Тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макаогийн баг тамирчид өрсөлдлөө.
Насанд хүрэгчдийн ангилалд багийн дүнгээр
1-р байр “JUMP MONGOLIA ACADEMY”
2-р байр “GARUDA ACADEMY”
3-р байр “BB JIU JITSU ACADEMY” тус тус шалгарлаа.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд
Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд Зүүн Азийн бүс нутагт харьяалалтай 7 орны 170 гаруй тамирчин оролцов. Тодруулбал, Монгол Улсаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макаогийн баг тамирчид өрсөлдсөн.
Анх удаа Монгол улсад болсон буй тус тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж мөн Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дэмжин ажилласан юм. Манай улсаас оролцох тамирчдын хувьд энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд жин жиндээ тэргүүлсэн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдөв. Тэгвэл тэмцээний эхний өдөр 16 болон 18 хүртэлх насны ангиллын барилдаанууд боллоо. 16 хүртэлх насны ангилалд охидын 7, хөвгүүдийн 9 жинд 18 хүртэлх насны ангилалд охидын 6, хөвгүүдийн 7 жинд медалийн эзэд тодорсон.
“World Games” буюу Дэлхийн спортын наадамд өрсөлдөх эрхийн оноо олгов
Зүүн Азийн АШТ-ий онцлог нь ирэх 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Чендү хотноо болох “World Games” буюу Дэлхийн спортын наадамд оролцох эрхийн оноо олголоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу 7 дугаар сарын 16-ны өдөр 21 хүртэлх насны ангилалд шилдгүүдийг тодруулж, тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болсон юм.
Монголын жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүх энэ оны тавдугаар сараас эхлэн Азийн жюү жицүгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь тэмцээний эрхийг авч, зохион байгуулахад мөн түлхэц болжээ. Энэ удаагийн тэмцээн бүсний ангилалгүй төрлөөр зохион байгууллаа.
Сайн дурын ажилтнууд
Спортын тэмцээнээр дамжуулан сайн дурын ажилтан буюу волентёр оюутан залуусыг илүү ур чадварыг нь нэмэгдүүлэн, туршлага болж өгдөг ач холбогдолтойг энд онцлоё. Энэ жишгээр Монголын Жюү жицүгийн холбоо нь 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн сайн дурын ажилтнуудыг албан ёсоор сургалтад хамруулан, тэмцээн дээрээ ажиллуулдаг болсон. Энэ ч утгаараа тус холбооноос зохион байгуулсан олон тэмцээн уралдааны ач тусаар сайн дурын ажилтан оюутан залуусын эгнээ хүрээгээ тэлсээр, эндээс тэд маш их зүйлийг суралцдаг болсон. Энэ жилийн хувьд хоёр том тэмцээнээр сайн дурын 80 орчим ажилтан зохион байгуулалтад чухал үүрэгтэй оролцож, гадны болон дотоодын үзэгчид тамирчдад туслан ажиллав.
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Энэхүү хоёр тэмцээнийг 10 гаруй шүүгч шүүн дэнслэв. Үүнээс тав нь гаднаас буюу олон улсын ирсэн шүүгч нар байлаа. Тэмцээний дундуур шүүгч нарт зориулсан сургалт семинарыг зохион байгуулагчдын зүгээс удирдан явууллаа.
Жюү жицү нь 2018 оноос эхлэн бага олимп буюу Азийн наадмын хөтөлбөрт багтсан
Жюү жицүгийн спортын үндсэн 5 төрөл байдгаас энэ төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт багтдаг онцлох төрөл юм.
Монголын жюү жицүчдийн Азийн наадам гаргасан амжилт
2018 оноос эхлэн Азийн наадмын хөтөлбөрт багтаж эхэлсэн жюү жицүгийн төрөлд манай баг тамирчид хоёр наадам дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Тодруулбал, 2018 онд Ц.Удвал Монголын багийн анхны жюү жицүгийн медалийг хүртсэн бол 2023 онд М.Даваадорж медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан юм.