Монголын Жюү жицүгийн холбооноос наадмын дараахан дөрвөн өдрийн туршид Монгол бөхийн өргөөг доригож байна. Ингэж тодотгосны учир нь долоон орны жюү жицүгийн гэр бүлийн баяр болж байна. “Ulaanbaatar Pro” Олон лусын тэмцээнийг тус холбоо зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Залгуулаад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн чансаатай шилдгүүдийг чуулуулж чадлаа.
Тэмцээний үеэр Монголын Жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүхтэй цөөн хором ярилцлаа. Түүний хувьд 2024 оны тавдугаар сараас эхлэн Азийн жюү жицүгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь тэмцээний эрхийг авч, зохион байгуулахад мөн түлхэц болжээ.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монголд
-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Дөрвөн өдөр дарааллан хоёр чансаатай том тэмцээн болж байна. Монгол улсад дарааллаад хоёр тэмцээнийг зохион байгуулна гэдэг тухайн спортын холбооны ямар ур чадвартай, хэр өндөр түвшинд эх орондоо хөгжүүлж буйг харуулсан явдал?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Хамгийн түрүүнд бахархал төрж байна. Энэ том тэмцээнийг яг жилийн дараа эх орондоо хүлээн авч зохион байгуулна гэдэг хамт олны маань ач гавьяа юм. Өнгөрсөн жил манай холбоо Улаанбаатар хотод 2023 оны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан. Маш туршлага хуримтлуулсан, үр өгөөжөө өгсөн том арга хэмжээ байсан юм. Энэ жил Дэлхийн болон Азийн жюү жицүгийн холбооноос бидэнд дахин итгэл найдвар үзүүлэн Зүүн Азийн тэмцээнийг охион байгуулах эрхийг олгосонд маш их баярлаж байна. Энэ тэмцээн өмнө нь өөр улс оронд хоёр удаа зохион байгуулагдсан. Харин Монгол улсын манай холбооны хувьд анх удаа ийн эрх авсны дагуу шилдгүүдээ эх нутгийнхаа дэвжээн дээр тодруулж байна. Маш амжилттай, олон талын оролцоотой болж буйгаараа онцлог. Холбооныхоо хамт олонд мөн бид нарын үйл ажиллагааг ямагт дэмжиж спортын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй явдаг байгууллагууддаа маш их талархаж байгаагаа гэж хэлье. Зүүн Азийн холбоонд долоон орон ордог. Монгол, БНХАУ, Хонгконг, БНСУ, Япон, Макао, Тайвань зэрэг орнууд багтдаг. Эдгээр орнууд спортын салбартаа төдийгүй маш хүчирхэг, хөгжил сайтай. Энэ дотроо манай Монгол улс “манлайлал” үзүүлээд Зүүн Азийнхаа холбоог удирдаад энэ дагуу тэмцээнээ Нийслэлтэйгээ хамтраад зохион байгуулж буйдаа туйлын баяртай байна.
-Таны хувьд Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, мөн сая тавдугаар сард Зүүн Азийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогсдон. Ази тивдээ жюү жицүгийн спортод Монгол хүн төлөөлөн ажиллана гэдэг бол маш том бахархал?
-Намайг энэ хүндтэй үүрэгт ажилд томилсон нь ганцхан өдрийн санал шийдвэр биш. Мэдээж сонгууль явагдаад олны итгэл, найдварыг хүлээлгэд сонгосон. Үүний цаана манай хамт олон, Монголын жюү жицүгийн гэр бүлийн 10 гаруй жилийн нөр их хөдөлмөр бий. Ингээд дүгнээд хэлэхэд Монгол улсаас баг тамирчид маань тэмцээн уралдаанд тогтмол сайн амжилттай оролцдог, зохион байгуулалт маш сайн, дэмжих байгууллага олонтой, мөн идэвхтэй, зөв хөгжиж байгаа орон гэдэг үүднээс үнэлж, дэмжин итгэл найдвар үзүүлсэн асуудал болов уу. Тэгэхээр энэ бол олон хүний нөр их хичээл зүтгэл, түүний үр дүн гэж харж байна.
Аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулна гэдэг нэг талдаа нэр хүндийн хэрэг. Нөгөө талдаа спортыг дэмжин, ойлгож, хамтран ажиллана гэдэг маш том урам зоригийг олгодог билээ. Тэгвэл дээрх хоёр тэмцээнийг НЗДТГ-аас хамтран мөн БТСУХ-ноос дэмжин ажиллаж байна. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр бид НЗДТГ-ын дарга П.Хадбаатартай ярилцав.
Жюү жицүгийн холбооноос улсдаа оруулж буй спортын аялал жуулчлалын хувь нэмэр их
12 жилийн дотор Олон улсын нэр хүндтэй гурван том тэмцээнийг эх орондоо хүлээн авч зохион байгуулж буй Монголын Жюү жицүгийн холбооны хамт олонд халуун баяр хүргэе.
Улаанбаатар хотын зүгээс нийслэлийнхээ бүх залуучуудын урлаг, соёл, биеийн тамир, спортын арга хэмжээг үргэлж дэмжиж ирсэн. Энэ хүрээнд тус тэмцээнийг НЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаадаа сэтгэгдэл өнөдөр байна. Мөн өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохион байгуулсан Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг НЗДТГ-аас хамтран явуулсан.
Ингээд үүнийг улбаалж энэ удаагийн Зүүн Азийн АШТ-ийг дэмжин оролцож байгаадаа туйлын баяртай байна. Ингээд энэ тэмцээнд оролцож буй бүх улс орны баг тамирчиддаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон НЗДТГ-ны хамт олны өмнөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ярилцсанд баярлалаа.