“Парис-2024” олимпын эрхээ аваад байгаа буудлагын тамирчид олимпын бэлтгэлээ базаахаар долоодугаар сарын 5-нд Австрийг зорьсон.
Олимпын эрхээ авсан гурван тамирчин болох О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар Австри улсад 16 хоног бэлтгэлээ базаагаад Парисыг зорино.
Гэвч буудлагын баг тамирчдаас урт бууны хоёр тамирчин оролцох ёстой хоёр төрөлдөө оролцож чадахгүй болсон. О.Есүгэний хувьд урт бууны 10 метр болон 50 метрийн дасгалд онч мэргэнээ сорих байсан боловч 10 метрийн дасгалд өрсөлдөх түүний нэр тамирчид дунд байсангүй.
О.Есүгэн: “Энэ бол маш хүн чанаргүй бөгөөд хариуцлагагүй үйлдэл. Монгол улсын спортод шударга зүйл алга” хэмээн цахим хуудаснаа илэрхийлсэн юм.
Тэгвэл олимпд гар бууны тамирчин Э.Даваахүүг дасгалжуулах ёстой дасгалжуулагч нь Парисыг зорихгүй бололтой. Уг нь шигшээ багийн гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат ажилладаг. Гэвч түүний нэр мөн л олимпыг зорих багийн бүрэлдэхүүнд алга. Ж.Ганхуяг багш урт бууны төрлийн дасгалжуулагч учраас Э.Даваахүүг дасгалжуулах боломжгүй.
Өмнөх Токиогийн олимпд ч гэсэн ийм байдал давтагдсан бөгөөд Ц.Анударийг тэмцээнд буудах үед нь тамирчин Э.Даваахүү багшийн үүрэг гүйцэтгэж байв. Тухайн үед Ц.Анударь ганцхан оноогоор финалд шалгарч чадаагүй билээ.
Бусад орны тамирчид сэтгэл зүйч, туслах дасгалжуулагч, буу хариуцсан мэргэжилтэнтэй байхад манай улсын тамирчин өөрөө өөрийгөө дасгалжуулж тэмцээнд оролцох дээрээ тулаад байна. МҮОХ болон Монголын буудлага, спортын холбоо үүнд тайлбар хийж, хариуцлагаа хүлээх үүрэг нь бий.