Улаанбаатар хотноо жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах 2024 оны тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд Зүүн Азийн бүс нутагт харьяалалтай 7 орны 170 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тодруулбал, Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макаогийн баг тамирчид оролцож байгаа юм.
Энэхүү тэмцээнийг анх удаа Монгол улсад зохион байгуулж байна. тус тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бол Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дэмжин ажиллаж байна. Мөн сайн дурын 80 орчим ажилтан тэмцээний зохион байгуулалтад чухал үүрэгтэй оролцож, гадны болон дотоодын үзэгчид тамирчдад туслан ажиллаж байна. Тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын тухайд эмэгтэйчүүдийн -45, -48, -52, -57, -63, -70 кг болон эрэгтэйчүүдийн -56, -62, -69, -77, -85, -94 кг-ийн жинд болно.
Манай улсаас оролцох тамирчдын хувьд энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд жин жиндээ тэргүүлсэн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдөх учиртай. Энэ удаагийн тэмцээний онцлог нь ирэх 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Чендү хотноо болох “World Games” буюу Дэлхийн спортын наадамд оролцох эрхийн оноо олгоно.
Спортын үндсэн 35 төрлөөр зохиогдох энэ наадмын жюү жицүгийн төрөлд нийт 19 багц медалийн эздийг тодруулна. Дэлхийн спортын наадмын эрхийн оноо олгох насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн өнөөдөр эхэллээ.
Мөн өнөөдөр 21 хүртэлх насны ангилалд шилдгүүдийг тодруулж, тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Тэмцээний эхний өдөр буюу даваа гарагт 16 хүртэлх насны ангилалд охидын 7, хөвгүүдийн 9 жинд 18 хүртэлх насны ангилалд охидын 6, хөвгүүдийн 7 жинд медалийн эзэд тодорлоо.
Монголын жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүх энэ оны тавдугаар сараас эхлэн Азийн жюү жицүгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь тэмцээний эрхийг авч, зохион байгуулахад мөн түлхэц болжээ.
Энэ удаагийн тэмцээн бүсний ангилалгүй төрлөөр зохион байгуулагдаж байна.