Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүч бяраа гайхуулан барилдсан Доржхандын Хүдэрбулга гэж хэн бэ?
Долоогийн даваанд улсын аварга О.Хангай улсын харцага цолны болзол хангаад байсан Д.Хүдэрбулгыг амлан авсан юм. Улмаар улсын харцага цолны болзол хангаад буй Д.Хүдэрбулга улсын аварга О.Хангайгаар долоо давсан билээ. Ийнхүү тэрээр улсын заан цолны болзол хангалаа.
Улсын шинэхэн заан Д.Хүдэрбулга Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул. 1992 оны 5 дугаар 07-ны өдөр төржээ.
Олимп
Д.Хүдэрбулга “Рио-2016” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 97 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөх эрхийн төлөө 2 дахь буюу сүүлийн сорилго барилдаанд мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрхээ халаасалсан. Гэсэн ч Риогийн дэвжээнд эхний даваандаа Киргизийн тамирчин Магомед Мусаевт 0-9 оноогоор ялагдаж байв.
Дэлхийн АШТ
Д.Хүдэрбулга 2013, 2014, 2015 онуудад Дэлхийн АШТ-д оролцохдоо 2014 онд шөвгийн наймд шалгарсан нь одоогоор түүний хамгийн өндөр амжилт юм.
Бусад тэмцээн
Тэрээр 2014 онд Азийн аварга болсон бол 2013 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Мөн “Инчон-2014” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн 2013 оны дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальтай.
20 жил их спортоор хичээллэж буй түүний үндэсний бөхөөр дагнан хичээллэх болсон нь Риогийн олимпын дараанаас эхлэлтэй юм.