Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорилоо. Эрэгтэй харваачдаас Н.Алтансүх улсын мэргэн, эмэгтэй харваачдаас Б.Пунсалдулам Даяар дуурсах мэргэн цол хүртэв.
Эрэгтэй харваачдаас Улсын шинэ мэргэн цолыг Н.Алтансүх хүртэв
Энэ жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж Монгол Улсын мэргэн цол, эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ.
Эмэгтэй харваачдаас Б.Пунсалдулам цолоо ахиулан Даян мэргэн боллоо
Үндэсний сурын харваа нь ойролцоогоор 2000 жилийн түүхтэй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай. Тухайлбал “Харвааны үе” хэмээх наадамд мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүд байх бөгөөд үе тус бүрд дөрвөн харваач зэрэг дэв, цолын эрэмбээрээ оролцоно.
Халх сурын харваанд эрчүүд 40, эмэгтэйчүүд 20 сум тавьж харвадаг
Харвааны байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд 3 метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад, түүний дотор талд сум орвол оносонд тооцно. Хасаа харваанд эрчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвадаг байна.
Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцдог бол халх сурын харваанд хүйс үл хамааран харвадаг.