Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөж байна.
Тус даваанд гурван улсын аварга, нэг улсын арслан, хоёр улсын заан, нэг улсын харцага, хоёр улсын начин, долоон аймгийн арслан цолтон барилдаж байгаа юм.
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын начин Э.Ууганбаяр улсын начин цолны болзол хангасан аймгийн арслан Э.Мөнхжаргалыг өвдөг шороодуулав. Ингэснээр Улсын харцага цолны болзол хангаж байна.
Зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайханжаргалд өвдөг шороодов.
Ийн Т.Сайханжаргал улсын харцага цолны болзол хангаж байна.
Түүнчлэн улсын харцага Г.Ганхуяг цолоо батлав. Мөн даян аварга Н.Батсуурь улсын заан Б.Пүрэвсайханыг амлан авсан. Гэвч Б.Пүрэвсайхан бэртлийн улмаас барилдсангүй.