Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохионо. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан бөгөөд хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийн ажиллаж байна. Нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж дэлгэхэр төлөвлөж зохион байгуулсан.
Харин хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгоогүй ажээ.
Хүй долоон худагт хуушуурын 200 орчим гэрт зөвшөөрөл олгожээ.
Харин хуушуурын худалдаа эрхлэх үедээ зүлгэн дээр тос асгасан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн байна. Манай сайтын сурвалжлах баг Хүй 7 худагт ажиллах үеэрээ худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.
Хоол, хүнсний худалдаа эрхлэгч
Манай Монголчууд үндэсний их баяр наадамд илүү их ач холбогдол өгдөг. Энэ ч арга ч үгүй. Дэлхийд ганцхан Монголд наадамдаа дэлгэр сайхан наадах нь энэ зуны улирлаас авах хамгийн гоё аз жаргалтай мэдрэмж.
Үүнийг ч чухалчилж үздэг учраас наадамчин олны хөл хөдөлгөөн их байна. Миний хувьд гэр бүлийнхээ хүний хамтаар зориод Монголчууддаа эрүүл ахуйн шаардлага хангасан амттай хуушуурыг худалдаалж байна. Хүй 7 худаг бороо хуртай, нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Анх удаа хоол, хүнсний үйлдвэрлэл худалдаа албан ёсны зөвшөөрлөө аваад эрхэлж байна.
Хамгийн гол нь хоол, хүнс үйлдвэрлэл худалдаа эрхлэхэд эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан цэвэр нямбай байх нь чухал.
Манайх хуушуураа 2500 төгрөгөөр худалдаалж байна. Үнийн хувьд хэт үнэтэй бус бас хямд худалдаалаагүй. Энэ хавиар хуушуурны үнийн хувьд харилцан адилгүй, 2500-4000 төгрөгийн хооронд байна. Хуушуураа бэлтгэхдээ шинэ материалаар цаг тухай бүрд нь эрүүл эко байдлаар хийж үйлчлүүлэгч нартаа худалдаалж байна.
Монгол түмэн, наадамчин олондоо сайхан наадаарай гэж хэлье.
Хүнсний худалдаа эрхлэгч
Миний хувьд хүнсний худалдааны чиглэлээр Хүй 7 худагт баяр наадмын үеэр ажиллаад 16 дахь жилдээ болж байна. Наадамчин олны хөдөлгөөн дажгүй байна. Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 39 дэх жилдээ энэ салбартаа ажиллаж байгаа. Маш сайн туршлагажсан гэх үү дээ. Энэ жилийн хувьд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө Емонголиа-гаар авсан нь илүү хялбар амар байлаа. Жилээс жилд энэ чиглэлийн зөвшөөрөл олгох ажил илүү чанаржиж, яг тухайн бүх дүрэм журмыг биелүүлж буй худалдаа эрхлэгчид олгодог нь сайшаалтай байдаг. Энэ жил онцлог нь зөвшөөрөл олгох ажил нь цахимжсанд миний хувьд сэтгэл хангалуун байлаа.
Худалдаа үйлчилгээ эрхлэхдээ албан ёсны цэвэр ахуйн шаардлага хангасан хувцас халаад, малгай өмсөж үйлчлүүлэгч нартаа худалдаагаа явуулдаг. Шинэ, цэвэр бүтээгдэхүүнээр үйлчлэхийг эрмэлздэг.
Наадамчин олондоо баяр наадмын мэндийг хүргэе.
Ярилцсанд баярлалаа.