Үндэсний их баяр наадмын дараахан Жюү жицүгийн Олон улсын хоёр том тэмцээн Монгол улсад зохиогдох гэж байна.
Монголын Жюү жицүгийн холбооноос “Ulaanbaatar pro” тэмцээнийг зургаа дахь жилдээ, харин Зүүн Азийн АШТ-ийг анх удаагаа өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулна. Тус холбооноос Ази болон дэлхийн шинж чанартай томоохон өрсөлдөөнийг ийн гурав дахь удаагаа эх нутагтаа зохион байгуулах эрхийг аваад байна. Тэмцээний бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа, мөн тус тэмцээнүүдээр дамжуулан манай улсад ирэх үр өгөөж нь ямар байх талаар холбооны Гүйцэтгэх захирал, тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.
Монголын Жюү жицүгийн холбооны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ: Бид тэмцээнээрээ дамжуулан
спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байдагтаа урамтай явдаг
Монголын Жюү жицүгийн холбоо хоёр том олон улсын тэмцээнийг наадмын дараа Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад 90 гаруй хувьтай явж байна. Энэ жил “Ulaanbaatar Pro” тэмцээн 6 дахь удаагаа зохиогдоно. Мөн Нийслэлтэйгээ хамтраад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа Монголд зохион байгуулах гэж байна. Зохион байгуулалтын өмнө 5 дугаар сард болсон Азийн холбооны их хурлаар Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч Мөнхсүх маань Зүүн Азийн холбооны Ерөнхийлөгч болсон. Энэхүү хоёр том Олон улсын тэмцээнийг Улаанбаатарт Нийслэлтэйгээ хамтран зохион байгуулж байгаа нь маш сайхан зүйл. Энэхүү тэмцээнээрээ спорт, аялал жуулчлалыг дэмжсэн, эдийн засаг болоод хүн амын эрүүл мэндэд хүүхэд залуучуудыг спортоор хичээллүүлэх дур сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой нэлээн том ийм арга хэмжээ болж байна.
Монголын Жюү жицүгийн холбооны тамирчин Д.Алтанцэцэг: Олон улсын хоёр том тэмцээний бүх жингийн ангилалд
манай тамирчид өрсөлдөнө. Монголынхоо баг тамирчдыг ирж дэмжээрэй.
Монголын Жюү жицүгийн холбооны тамирчин, JUMP хөтөлбөрийн ангийн дарга Алтанцэцэг байна. 7 дугаар сарын 13-16-ны хооронд Монгол улсад маань маш гоё тэмцээнүүд зохион байгуулагдах гэж байна. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсаас бүх жингийн ангилалд 100 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа. Миний хувьд эх орондоо тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Тэмцээнд орж буй бүх тамирчиддаа амжилт хүсье. Мэдээж Монголынхоо баг тамирчдыг ирж дэмжээрэй гэж хэлье.
Монголын Жюү жицүгийн шигшээ багийн тамирчин Г.Гантулга: Дотооддоо чансаа олгох ийм том тэмцээнүүд зохион байгуулах тусам
тамирчин бидэнд том боломж олгож, туршлагаждаг.
Монголын Жюү жицүгийн шигшээ багийн тамирчин Галсандоржийн Гантулга байна. Дэлхийн ранкийн 10-т эрэмбэлэгдэж байгаа ийм тамирчин. Жил бүр Монгол улсад дэлхийн ранкийн оноо олгох ийм тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаад би үнэхээр баяртай байдаг. Яагаад вэ гэвэл дэлхийн оноо олгох тэмцээнүүд ихэвчлэн тойрон аялах маягаар зохион байгуулагддаг учраас зардал мөнгөний асуудлаас аваад маш их зүйлийг дагуулдаг. Тэгээд эх орондоо зохион байгуулагдаж буй нь маш олон туршлагуудыг бий болгож байгаа. Өнгөрсөн жил холбоо маань Дэлхийн аваргыг зохион байгуулсан бол энэ жил бүсийн тэмцээн буюу Зүүн Азийн аваргыг зохион байгуулж байна.
Ярилцсанд баярлалаа.