Монгол Улсын Их Хурлаас 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, соёл, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг батлан жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар” цэнгэлдэх хүрээлэнд 60м өндөрт 16.8 хэмжээтэй Төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Тус далбаа сууринаасаа үлээгчтэй тул үргэлж мандаж байхаар хийгджээ.
Төрийн далбаа мандуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөдрөөс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголчууд бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, монгол төрийн сүр хүч болсон Төрийн далбаа нийслэл хотноо өнө мөнхөд мандах боллоо. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Рио Тинто” групп, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Төрийн далбааг мандуулж байна. Цаашид Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100м өндөр Төрийн далбааг мандуулах төлөвлөлт гаргаад ажиллаж байна.
Та бүхэн хотол даяараа өргөн дэлгэр сайхан наадаарай” гэсэн юм.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС