Саяхан байгуулагдсан “Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо” нь “Оюу толгой” ХХК-ийг Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхгүй байна гэсэн шалтгаанаар
өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулж буйгаа зарласан. Компанийг Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхгүй байна гэсэн нь худал мэдээлэл юм.
“Оюу толгой” ХХК нь ажилтнуудынхаа санааг зовоож буй асуудлыг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Бид Үйлдвэрчний эвлэлийн хороодынхоо эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэн, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэхийг хичээсээр ирсэн бөгөөд одоо ч эхлэхэд бэлэн байна.
Удаа дараа хүсэлт тавьсан хэдий ч “Оюу толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо” болон “Оюу толгойн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо” нь хамтын хэлэлцээг эхлүүлэхэд шаардлагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан мэдээлэл болон Хамтын гэрээний нэгдсэн саналаа өнөөдрийг хүртэл баталгаажуулж ирүүлээгүй байна.
Энэхүү ажил хаялт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа нь бүх талуудад хохиролтой төдийгүй хамтын гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон харилцан ашигтай шийдэлд хүрэх хугацааг хойшлуулж байна.
Хамгийн чухал нь ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулах, бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах нөхцөл үүсгэхээр байна.
Цаашлаад үндсэн болон гэрээт нийт ажилтнууд төдийгүй Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, хувьцаа эзэмшигчид болон бүх оролцогч талуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд саад учруулах юм.
Танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол “Оюу толгой” компанийн хэвлэл мэдээллийн багтай холбогдоно уу.
З. Болор
Утас: 99076483
Имэйл: [email protected]