Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Ганзосон” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар шийдвэрлэсэн.
Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Барилгын хөгжлийн төв, Боловсролын ерөнхий газар, Барилга байгууламж зураг төслийн компани болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж барилгын ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.
640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 2018 оноос эхэлсэн. Гүйцэтгэгч компани болох “Ганзосон” ХХК 2018 онд 2.4 тэрбум төгрөгийн төсвөөр өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн ч 2019 онд төсвийг нэмэгдүүлж 5.9 тэрбум төгрөгөөр нэмэлт гэрээг байгуулжээ. Барилгын ажил 85 хувьтай хийгдсэн ч 2022 оноос санхүүжилтийн асуудлаас болж бүтээн байгуулалтын ажил зогссон байна.
Улмаар БШУ-ны сайдын 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн А/542 дугаар тушаалаар байгуулсан ажлыг хэсэг дээрх сургуулийн өргөтгөлийн барилгад ажиллаж, цаашид хийх бүтээн байгуулалт болон засварлах ажлуудад дүгнэлт гаргажээ.
Ажлын хэсгээс үлдсэн барилгын ажлыг хийж дуусгахад 2.8 тэрбум, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн ч нэмж засварлах шаардлагатай 1.3 тэрбум буюу нийт 4.1 тэрбум төгрөгийн ажил хийхээр байгаа тухай дүгнэлтийг гаргасан байна.
Барилгын ажлыг үргэлжлүүлж бүрэн ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайдын 2024 оны долоодугаар сарын 3-ны өдрийн тушаалаар нийслэл рүү эрх шилжүүллээ.
Гүйцэтгэгч байгууллага болох “Ганзосон” ХХК-ийн тухайд гэрээлсэн төсвийн хүрээнд барилгын ажлыг 85 хувьтай үргэлжлүүлж дуусгасан.
Цаашид сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлж бүрэн ашиглалтад оруулахын тулд дахин гүйцэтгэгч сонгон шалгаруулалт зохион байгуулна гэдгийг дээрх ажлын хэсгийн гишүүд хэллээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэгдлээ.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС