Ням гарагт /2024.07.07/ өчигдөр энэ зуны анхны 40 градус хүрч халсан өдөр болсон байна.
Өндөр даралттай агаарын урсгал Японы өргөн бүсийг бүрхсэний улмаас өчигдөр орон нутгийн цагаар 13:19 минутад Шизүока мужид 40 градус хүрсэн юм.
Мөн Гүнма мужийн Шимонита хотод 39.8 градус, Яамашани мужийн Кофүд 39.3, Оцүкид 39.2, Кошүд 39 хэм хүрч халжээ. Шизүока муж болон Шимонита хотод бүртгэгдсэн температур нь рекорд эвдсэн байна
Японы цаг уурын агентлаг мэдэгдсэнээр 914 ажиглалтын цэгээс авсан хэмжилтээс харвал 244 байршилд 35 хэм давжээ.
Хүчтэй халалт өнөөдрийг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Ийм учраас Японы цаг уурын агентлаг ихэнх бүсэд хэт халалтын сэрэмжлүүлэг тавьж, иргэдийг өдрийн цагаар аль болох гадаа гарахгүй байхыг уриалсан байна.
Японд хэт халалтын улмаас жил бүр олон зуун хүн амьсгал хураадаг. Тус улсын засгийн газраас гаргасан тоо баримтыг харвал 2017-2021 оны хооронд жил бүр дунджаар 1,145 хүн халалтын улмаас нас баржээ.
Ийм учраас Японы засгийн газар хэт халалтын улмаас үүсээд буй нас баралтыг 2030 он гэхэд хоёр дахин бууруулах санаачилгыг өнгөрсөн жил эхлүүлсэн юм.