Эмээлт зах дээр малын нийлүүлэлт сайн байгаа ч борлуулалт тааруу байгааг малчид хэлж байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад борлуулалт уу, үнийн хувьд ч бага байгаа ажээ. Малын үнэ өдөр бүр хэлбэлзэлтэй байгааг малчид хэллээ.
Бид Булган аймгийн малчин Ц.Ганболд болон зарим худалдан авагчидтай цөөн хором ярилцлаа. Малчдын хувьд орон нутгаасаа нийслэлд зорин ирж өдөрт зогсож буй байршлынхаа түрээсэнд 15 мянган төгрөг төлж, сум орон нутгаасаа мал махны гарал үүслийн бичигтэйгээ ирдэг гэв.
Шүдлэн хонь 130.000, нас бие гүйцсэн хонь 200 мянган төгрөгнөөс дээш үнэтэй байна
-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Аль аймгаас ирж худалдаа хийж байгаа вэ?
-Сайн байна уу? Малчид өөрсдөө малаа авчраад зарж байна. Төлөг 130.000, шүдлэн хонь 200, 270-280.000 л байна. Ямаа 100-150.000 төгрөг байна. Ер нь худалдан авалт муу байна. Малын дайвар бүтээгдэхүүн үнэгүйдчихсэн, арьс нэхий нь хаягдаад л тийм л байгаа. Наадмын өмнө арай дээр болох байх гээд бодож байна.
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнийн хувьд хэр байна вэ?
-Өнгөрсөн жил үнэ болон борлуулалт харьцангуй гайгүй байсан. Энэ жил бол нөөцийн мах гэдэг ч юмуу, бусад хүчин зүйлээс шалтгаалаад байгаа байх. Махны үнэ жаахан буугаад байна. Өмнөх жил эр хонь 300 мянган төгрөгт чөлөөтэй л зарагдаад байсан. Энэ жилийн хувьд бол тийм үнээр авч байгаа хүн ховорхон л байна даа.
-Худалдан авагч
240 мянгаар нас бие гүйцсэн эр хонь авсан. Эндээс нь аваад тэгээд янзлуулаад авчихад бидэнд их хэрэгтэй юм. Одоо миний үеийн залуучууд чинь мал гаргаж мэдэхгүй. Би ч бас өөрөө сайн мэдэхгүй. Тэгэхээр эндээсээ авах малаа үзэж хараад, за ийм байна, үүнийг авая гээд ярилцаад л малчдынхаа гар дээрээс шууд ингээд авчихад зүгээр юм. Малчдаа бас нэг бодлын дэмжиж байгаа муу даа гэж бодоод л явж байна даа.
-230 мянган төгрөгөөр нэг хонь авлаа. Ер нь хотын бидэнд Эмээлт захаас ирээд эндээ янзлуулаад махыг нь эвдүүлээд, гэдэс дотрыг нь дараа нь хоол ундандаа хэрэглэхээр бэлтгэж, толгой шийрийг нь хуйхлуулаад янзлуулаад авчихад ёстой амар байдаг даа. Мах махан бүтээгдэхүүн худалдаалдаг хүнсний захаас дан мах өндөр үнэтэй худалдаж авахаар эндээс өөрсдөө ирээд хонь малаа үзэж хараад авчихвал илүү хямд тусдаг гэх үү дээ. Одоо ч тэгээд амар болж дээ. Махыг нь хүртэл хүнсэнд хэрэглэхээр бэлтгээд өгчихөж байна.
Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.