Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрсөн дүү М.Чаминцэцэг нарт залилуулсан гэх иргэн манай редакцад хандлаа.
Тэрээр эл асуудлаар цагдаагийн байгууллагад ч хандаж, М.Чаминцэцэгийн хүү О.Эрдэнэсайханыг эрэн сурвалжлуулаад олжээ.
Цагдаагийн байгууллагаар яваад ч залилуулсан мөнгөө олж авч чадахгүй байгаа учир ийнхүү олон нийтэд хандаж байна.
Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрсөн дүү М.Чаминцэцэг нь БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн.
Тэрбээр хэдхэн сар төрийн яаманд ажиллахдаа ямар ч үндэслэлгүйгээр хэдэн арван хүнийг ажлаас нь халж, “өөрийн” танил тал, хамаатан садныхаа хүмүүсийг оронд нь томилж, эрх мэдлээ ашиглаад, сайд ахынхаа буянд “сагсуурч” явсан үе бий.
Төд удалгүй даргын сэнтийгээс буусан. Гэхдээ тэр хоосон буугаагүй бололтой. Хүүгийнхээ нэр дээр Дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд газар эзэмшүүлжээ.
Эсвэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан төрсөн дүүгийнхээ хэдэн хүүхдэд хаа сайгүй газар олгож, дураар нь дургиулсан байж мэдэх юм.
М.Чаминцэцэгийн хүү О.Эрдэнэсайхан гэж байдаг юм байна. О.Эрдэнэсайхан Нүхтийн аманд дөрвөн айлын хаус барьж, иргэдэд худалдаж эхэлжээ. Ингэхдээ “Урьдчилгаагаа өгчих, зээлийг чинь танил талаараа шийдүүлээд өгнө” гээд өдөр, шөнөгүй ятгадаг байна.
Эцэс сүүлд нь, иргэнээс урьдчилгааг нь авч, хаусандаа оруулаад, зээлийг нь бүтээж өгөхгүй ор сураггүй алга болчихсон талаар иргэн мэдээлж байна.
О.Эрдэнэсайханд залилуулсан иргэн хууль хяналтын байгууллагад хандаж, шалгаж өгөхийг хүсчээ. Харамсалтай нь, О.Эрдэнэсайхан иргэний үнэмлэхний хаяг буюу оршин суугаа хаягтаа байхгүй, зугтжээ.
Түүнийг оршин суугаа газраасаа оргон зайлсан хэмээн хууль үзэж, эрэн сурвалжлаад олсон байна. Гэвч одоог хүртэл мөнгөө олж авч чадахгүй хагас жил өнгөрөөд байгаа аж.
ХОХИРОГЧ: ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАНЫ ДҮҮ М.ЧАМИНЦЭЦЭГ ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ХАУСНЫ УРЬДЧИЛГАА ГЭЖ 115 САЯ ТӨГРӨГ АВЧИХААД ӨГӨХГҮЙ БАЙНА
Бид эх сурвалжтай холбогдож, дараах мэдээллийг авлаа. Тэрбээр жилийн өмнө О.Эрдэнэсайханд 115 сая төгрөгөө өгчээ.
-Та хэрхэн хохирсон талаараа мэдээлэл өгөхгүй юу?
–Жил гаруйн хугацааны өмнө О.Эрдэнэсайхан надад хаус зарахаар худалдах, худалдан авалтын гэрээ хийсэн. Надад урьдчилгаа төлбөрөө өгчихвөл үлдэгдлийг нь зээлээр шийдэж өгнө гэж хэлсэн. Ингэхдээ өөрт нь таньдаг хүн байгаа, зээлийг нь ямар ч асуудалгүй бүтээж өгнө гэж хэлсэн. Би итгээд, худалдах, худалдан авалтын гэрээ хийж, урьдчилгаа төлбөр болох 115 сая төгрөгийг шилжүүлсэн. Угтаа надад зарах гэж байсан хаус нь 300 гаруй сая төгрөгийн үнэтэй. Үлдэгдэл 200 гаруй сая төгрөгийг нь банкны зээлээр авч болно гэж итгээд би байр, машинаа зараад, урьдчилгаа өгсөн. Би урьдчилгаа төлбөрөө шилжүүлчихээд, ашиглалтад орсон хаусанд нь нүүж очсон. Тэгээд зээлээ хөөцөлдөөд, банкиар явсан. Надад зээл олгох эрх үүсээд байгаа хэрнээ зээл минь гарахгүй бүтэн жил тойрлоо. Нөгөө талын хүмүүс зээл гараагүй байна л гээд хүлээлгээд байсан. Тэгээд банкан дээр яваад очтол газар эзэмших зөвшөөрөл нь дууссан газарт хаусаа барьчихсан байсан юм билээ. Тэгээд бичиг баримтын асуудалтай, зөвшөөрөлгүй газар дээр баригдсан хаус учраас зээл гарах боломжгүй гэсэн. Ингээд л хохирчихоод байна даа.
-Газар нь О.Эрдэнэсайханы нэр дээр биш юм уу?
–Уг нь О.Эрдэнэсайханы нэр дээр бүртгэлтэй байсан юм билээ. Тэгээд газар эзэмших хугацаа нь дуусчихсан гэсэн үг. Тусгай хамгаалалттай газар учраас өмчлөх эрхгүй, зөвхөн эзэмших эрхтэй. О.Эрдэнэсайхан газрын хугацаа нь дуусаад, зээл олгохгүй гэдгийг мэдсээр байж миний мөнгийг залилсан гэж хардаж байгаа.
-Газрын зөвшөөрлөө сунгуулах боломжгүй юм уу?
–Угтаа газрын зөвшөөрлөө сунгаад, бичиг, баримтын асуудалгүй болчихвол надад зээл гарна. Би урьдчилгаа төлбөрөө авахгүйгээр зээлээ аваад, үлдэгдэл мөнгөө өгөөд, хаусаа нэр дээрээ шилжүүлчихэд асуудалгүй. Даанч О.Эрдэнэсайхан газрын эрхээ сунгаж өгөхгүй, чадахгүй байгаа. Ямар шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй байна. Үнэхээр арга барж, хууль хяналтын байгууллагаар яваад ч тусыг эс олж байна.
-Баригдчихсан хаус юм байна шүү дээ. Худалдан авалтын гэрээ хийчихээд хаусандаа та амьдарч байсан юм уу?
–Тийм ээ, орох оронгоо зарчихсан хүмүүс чинь худалдаж авах гэжгаа байгаа шинэ байсандаа гүүж очих нь зүйн ёсны хэрэг биз. Тэгээд зээл гарах нь тодорхой гэж бодоод нүүгээд очсон. Жилийн дараа зээл гарах боломжгүй гэдгийг мэдээд нүүсэн.
-Таныг хауснаасаа хөөсөн юм уу?
-О.Эрдэнэсайханы ээж нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы төрсөн дүү шүү дээ. Тэр эмэгтэй бидэнтэй уулзсан. Биднийг урьдчилгаа төлбөрөө буцааж авъя гэхээр жил амьдарсан хугацааны чинь түрээс гээд байдаг. Тэгээд бидний мөнгийг буцааж өгч чадахгүй гэсэн. Нэгэнт бичиг баримтын зөрчилтэй газар дээр баригдсан учраас зээл гарахгүй нь тодорхой. Тэнд амьдраад байвал түрээсэнд суутгана гэж бодоод бид өнгөрсөн есдүгээр сард хаусыг нь суллаж өгсөн. Тэрнээс хойш бидэнтэй уулзахгүй, зугтаад алга болсон. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа.