Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.
Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, талбайн 80 хувийг зүлэгжүүлэв. Ингэснээр нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж байна.
Энэ талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид энэхүү төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болсон гэж найдаж байна. Рио Тинто нь энэхүү ногоон байгууламжийг бүтээсэн нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан амьдралын чанарыг сайжруулж, урт хугацаанд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Мөн энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Дэлхийн хотууд оршин суугчдадаа ээлтэй, ногоон хот болж хөгжихөд сүүлийн жилүүдэд түлхүү анхаарах болсон. Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатар хот ч энэ чиглэлд анхаарч байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Рио Тинто Монголын хамт олонд Нийслэлийн Засаг даргын зүгээс болон нийслэлийн иргэний хувиар талархал илэрхийлье. Нийтийн орон зайг хамгаалж, “Паркаа хамтдаа бүтээлцсэн” хүн бүхэнд баяр хүргэе” гэв. . Рио Тинто Монгол компани нь цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг дахин 2 жил хариуцаж 2026 оноос хотын захиргаанд хүлээлгэж өгнө. |