Сонгууль өндөрлөсөнтэй холбоотойгоор улс төрийн технологи, харилцааны стратегийн чиглэлээр чамгүй туршлага хуримтлуулсан мэргэжилтэнтэй ярилцлаа.
– УИХ-ын сонгуулийн дүн гарлаа. Тэгэхээр юу болоод өнгөрсөн талаар тантай ярилцах гэсэн юм. Бүсчилж томсгосон тойргийн онцлог юу байв, давуу, сул талууд нь юу байна вэ?
– Маш том мажоритор тойрог, жагсаалт гэсэн холимог системд нэг нам 35- аас дээш хувь авахгүй, нэг нэр дэвшигч дээд тал нь 30 хувийн санал авахаар тэгэж ихээр санал тархдаг юм байна. Явж үзээгүй зам болохоор урьдчилж таамаглахад маш түвэгтэй байлаа. Гэхдээ бүх судалгаа МАН 35 орчим хувь, Ардчилсан нам 30 орчим хувийн дэмжлэг авахаар байна гэж зааж байсан л даа. Энэнээс тооцоод МАН 65 суудал, Ардчилсан нам 40 орчим суудал авах байх гэж төсөөлж байсан. Жоохон зөрсөн. Ирц дээд тал нь 72 хувь хүрэх байх гэж төсөөлсөн. 70 арай хүрэхгүй хувийн ирцтэй явагдлаа.
Нэг том болгоомжлол байсан нь орон нутагт бүсчилсэн том тойрогт сонгулуь биш “олс татах тэмцээн” болох вий гэх эрсдэл байсан. Бараг л тэглээ. Олон сонгогчтой аймгийн нэр дэвшигчид түлхүү сонгогдсон байна. Нийслэлд харьцангуй сонгууль явагдсан байх. Нутгархах үзлийг давах хүчин зүйл одоогоор алга. Хэт том тойргийн сул тал нь сонгогдсон гишүүний цаашдын дэмжлэг сайн биш байх эрсдэл бий. Олонхийн дэмжлэгээр биш нутгийн цөөнхийн дэмжлэгээр сонгогдсон тул. Давуу тал гэх юм бол олон намын төлөөлөл парламентад орж ирж байна. Гэхдээ энэ нь сул тал ч байж болох. Жижиг намууд нь их төлөв хармааны, дагуул нам юм. Эзнийг нь сонгогчид бараг мэддэг тийм намууд парламентад суулаа гээд гээд нээх сүртэй дэвшил гарахгүй л болов уу. Эсрэгээр томчуудын зодоон, сөргөлдөөн дунд
аль нэг талд нь биеэ үнэлэх явдал хавтгайрах эрсдэл тодорхой харагдаж байна. Гашуун үнэн бол сонголт хийх хүрээ томрох тусам сонголт муу болдог. 4 аймгийн сонгогчид 10 хүнээс сонголт хийх нь хэзээ ч оновчтой байхгүй. Багцаа сургаар, эсвэл багцалсан нөлөөллийн дор л сонголт хийгдэхэд хүрч байгаа юм. Манай улсын онцлогт нэг аймаг нэг тойрог байсан нь илүү тохиромжтой байж.
– МАН ялахад ямар хүчин зүйлс нөлөөлчихөв өө. Нийгмийн сүлжээгээр бүгд дургүй байхад сонгогдчихлоо гэсэн яриа тархсан байна. Энэ хэр ортой вэ?
– Тоогоо харахаар ортой л байгаа биз дээ. Сонгогчдын 35 хувь л МАН-д санал өгсөн байна. Дийлэнх олонхи нь дэмжээгүй байхад ялчихдаг ийм л тогтолцоог бий болгосон байна. МАН ялахад маш олон хүчин зүйлс нөлөөлсөн байж таарна. Ер нь сонгуулийн дүн нэг, хоёр зүйлээс болоод шийдэгддэггүй юм. “Чүдэнз зурчихсан чинь ялчихсан”, “С.Эрдэнийн нэр хүнд шалаар нэг болсон учраас л тэр ялчихсан” гэх
яриа бол олон хүчин зүйлийн нэгийг л товойлгож байгаа хэрэг. МАН улс төрийн бусад нам хүчнээс туршлагаар, хүний нөөц, санхүүгийн нөөц, мэдээллийн нөөцөөр тасархай хол, хэт давуу байдалд байгаа. 104 жил улс төрийн тавцанд байна. 10 мянган цагийн дүрэм гэж онол байдаг. Аливаа ажил, салбарт 10 мянган цагаа зориулбал тухайн салбарынхаа шинжээч болдог гэж үздэг. Тэгвэл байгуулагдаад дээд тал нь 34 жил болж байгаа намуудын туршлагын хуримтлал, зохион байгуулалтын чадамж эрс өөр байх нь тодорхой. Ардчилсан нам 1990 онд байгуулагдсан гэж байгаа ч бодитоор бол 2000 онд 5 нам нийлж, шинээр эмхлэгдсэн л бүтэцтэй. Дээр нь гишүүдийн төлөвшил, сахилга бат, институцичлэх явцад анхаарч байгаагүй, салан палан соёлтой, манлайлал байхгүй нам шүү дээ. 1990 онд МАХН-ыг тараагаад ижил гараанаас улс төрийн өрсөлдөөнийг эхлүүлээгүй нь өнгөрсөн 34 жилийн суурь алдаа юм. Одоо улс төрийн ижил тэгш нөхцлийг бий болгох талаар ярихгүй, хийхгүй бол монголын улс төрийн орчин, орон зай бүхэлдээ
зэвэрч муудсан, хэт нүсэр бүтэц, санхүү дээр л тогтдог үрэлгэн систем болчихоод
байна.
Бас нэг том давуу тал нь МАН улс төрийн эко системээ бүрэлдүүлчихсэн, тэрийгээ байнга тордож явдаг. Тэр нь саналаа өгсөн 35 хувь шүү дээ. Бусад намд улс төрийн эко систем алга, улс төрийн технологи алга. МАН-ын зохиосон тоглоомын дүрмээр, тэдний чиглүүлгээр л явж байдаг, тоглоомын бүтцүүд.
– Тэгвэл Ардчилсан нам ялагдсан шалтгаан юунд юм бэ?
Хариулт: – Үндсэн гурван шалтгаан байна. Нэг, манлайлагч алга. Би чамд нэг судалгаа үзүүлье. 1960 оноос хойшхи дэлхийн улсуудад явагдсан ардчилсан сонгуулиудын дүнд хийсэн шинжилгээ юм.
1960 онд намын лидерийг харж саналаа өгөх хандлага 76 хувьтай байсан бол 2020 оны байдлаар жаахан буураад 74,7 хавьцаа болжээ. Гэтэл намыг нь харж өгдөг сонголт 74 хувиас эрс унаж, 40-өөс доош орсон байна. Энэ юуг хэлэх вэ гэхээр дэлхий даяараа манлайлагчийг харж сонголт хийдэг хэвээрээ байна. Гэтэл Лу.Гантөмөр олигтой манлайлал үзүүлсэнгүй. Харизмгүй, санаачлагагүй, шинэ сонин санаа дэвшүүлдэггүй… Энэ нь саналын тоог бууруулсан гол хүчин зүйл. Дээр нь талцал хагарлаа хадгалсаар намынх нь нэр дэвшигч нөгөө нэр дэвшигчээ тойрог дээр нь очиж гутаан доромжлох, гүтгэх явдал түгээмэл гарсан. Ц.Чинбат гэж өөрийгөө улс төр судлаач гэж нэрлэсэн хүн намаасаа жагсаалтаар нэр дэвшчихээд 4 дүгээр тойрогт нэр дэвшсэн журмын нөхрөө баг бүрдүүлэн зардал гаргаж очин муучилсан хөгтэй хэрэг гарсан. Азаар сонгогчид хэрсүү болж, тэднийг “гөлөөг ч гэж” тоох сонгогч гараагүй байна лээ. Идүүлсэн бут нь ургаад, бүр нэгээр гарчихсан шд. Бас хоёр биеэ үнэлэгч гишүүн нь өдөр бүр намаа мууллаа, элдэв
акци хийлээ. Сүүлийн хүчин зүйлийг нэрлэхэд Ардчилсан нам институци болж чадаагүй байна. Сонгуульд оролцох бодлогоо гаргадаг, боловсруулдаг, хэрэгжүүлдэг бүтэц байхгүй. Дүрэмгүй. Баталсан дүрмээ сөхөж ч хардаггүй. Нэр дэвшилт гэж авах байхгүй хэрүүл, уйлаан майлаанаар дүүрсэн хөгтэй жүжиг дэглээд. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч нь эрх баригч намд хов зөөж гүйгээд… Энэ бүхэн бол институци болоогүй, төлөвшөөгүйн тод шинж. Ганц Ардчилсан нам ч биш бусад нь ч намын бүтэц, үйл ажиллагааны хэлбэр, дүрэм журам, хурлын формат … шийдвэр гаргах явц зэрэг нь сонирхогчийн төвшинд л байгаа. Мэргэжлийн улс төр, мэргэшсэн улс төрчдийг бойжуулахгүй бол энэ явц хадгалагдсаар л байх болно.
– Улс төрийн эко систем гэдэгт Та юуг хэлж байна вэ?
– Улс төрч, улс төрийн нам хэзээ тогтвортой амжилт үзүүлдэг гэхээр өөрсдийн дэмжигчдийн хүрээг үүсгэж, тордож чаддаг, олон нийттэй харилцах технологийг эзэмшсэн үед л юм. Нам байнга хүний нөөцөө чадавхижуулж, дараа үеэ сургаж, бэлтгэж байхгүй бол Ардчилсан нам шиг манлайлагчдын хомсдолд ордог.
Тэгэхээр гишүүдээ улс төрийн өрсөлдөөнд сургах, бэлтгэх, улс төрийн цагаан толгойг суулгах, парламентын мэтгэлцээнд дадуулах нь экосистемийн нэг чухал бүрэлдэхүүн байдаг.
Ганц нэг улс төрч олон жил хэдэн дарга нарын аяыг олж, албан тушаал гуйж авдаг байдлаа аймаар улс төр гээд ойлгочихсон байдаг юм. Түшиг тулгуур дарга нар нь чалхгүйдээд, эсвэл нүүр буруулах үед тэр улс төрч сонгогчдын ямар ч дэмжлэггүй, шалдан ноён байсан нь тодорчихдог. Хамгийн сайн улс төр бол өөрийн хатуу дэмжигчдийн хүрээг үүсгэх, өөрийн үзэл санааг олон хүнээр дэмжүүлэх л юм. Дарга
тойрсон улс төр цагийн шалгуурыг давахгүй. С.Баярцогт бол тод жишээ. Тэрэнд ямар ч дэмжигч байхгүй. Дарга туслахгүй бол тэгээд л хамраараа газар хатгаж байна. Намууд гишүүдээ улс төрийн технологид сургахгүй байгаагаас бөөн сайн дурын гарууд Их хурлыг дүүргээд, сонгуулийн сурталчилгаа нь хошин шогийн үзүүлбэр шиг юм болоод байгаа юм. УИХ-ын нэг ангийнхан, ангийн дарга гэх хэллэгүүд, би “польш
эхнэртэй”, “улс төрд орж ахынхаа өшөөг авна” гэх тэнэг сурталчилгаа гарах хөрс нь улс төрийн цагаан толгой (literacy) суугаагүйтэй холбоотой юм. Нэр дэвшигчийн эхнэр хэн байх нь сонгогчид огт падлийгүй зүйл биз дээ?!
УИХ-д орж байгаа хүнийг сонгогчид нь эхлэн суралцагч мэт төсөөлөөд, яриад байгаа нь олон нийт тэдний улс төрийн боловсрол, төлөвшлийг дор үнэлж байна л гэсэн үг.
УИХ-д улс төрийн тэмцлийн туршлага суусан, технологи эзэмшсэн хүн сууж, шийдвэр гаргалцах ёстой юм. Товчхондоо дэмжигчдийн том арми үүсгэж чадаагүй, тэдний дэмжлэгийг авах улс төрийн технологи эзэмшээгүй улс төрч, нам бол эко системгүй гэсэн үг.
– Улс төрийн технологи гэж ярьлаа. Тэрийгээ жаахан тодруулаач
– Ардчилсан тогтолцоонд улс төрч, улс төрийн нам сонгогчдод өөрийн үзэл бодол, зорилт, үйл ажиллагаагаа мэдүүлж, ойлгуулж, дэмжлэг авч байж л оршин тогтноно. Сонгогчдод, зорилтот бүлэгт өөрсдийгөө ойлгуулах, дэмжүүлэх нь тусгайлсан ур чадвар, бүтэц, дадлага туршлагын асуудал. Сурталчилгааг ямар сувгаар, ямар хэлбэрээр, хэзээ, хэрхэн хэнд хүргэх талаар асар их туршлага, мэдлэг
хуримтлуулсан бүтэц, хүмүүсийн үйлчилгээг бүхэлд нь улс төрийн технологи гээд байгаа юм.
Энийг ойлгоход маш их цаг хугацаа ордог юм байна. АНУ-ын БНН гэхэд байгуулагдснаасаа хойш 110 жилийн дараа, 1964 оны сонгуулиар л улс төрийн жинхэнэ мөн чанар нь улс төрийн технологи эзэмшсэн эсэхэд оршдог болохыг ухаарчээ. Манай улс төрийн тавцан дээр энийг ойлгож эхэлсэн ганц л нам байгаа нь МАН.
– Ардчилсан намд улс төрийн технологи байхгүй гэж үү? МАН улс төрийн технологийг эзэмшсэн гэдгийг Та юугаар нь нотлох юм бэ?
– Ардчилсан нам “МАН-д л саналаа өгөхгүй юм шүү” гэж шийдсэн сонгогчдын ачаар 42 суудал авсан болохоос улс төрийн технологи эзэмшсэн, хэрэгжүүлж чаддаг байсан бол, ядаж л мэргэжлийн багт итгэж, даатгаж чаддаг бол өнөөдөр ялчихсан, Засгаа дангаар байгуулах хэмжээнд сууж байх байлаа. Бүх боломж байсан. Харьцуулахад МАН нийгмийн сэтгэл зүйн хувьд ялах бараг боломжгүй нөхцөлд ялчихсан нь улс төрийн технологи эзэмшсний нотолгоо болох байх. Бүх хулгай, нүглийг үйлдсэн, 8 жил там шиг амьдруулсан… гээд дан хараал зүхэл дундаас ялах боломжоо гаргаад ирнэ гэдгээс улс төрийн технологи сайн эзэмшсэн нь илт харагдаж байгаа биз дээ.
– Та тодорхой хэлээч, хэн тэр улс төрийн технологийг хэрэгжүүлсэн удирдсан юм бэ?
– Улс төрийн технологийг ашиглах, сонгуулийн стратеги гаргаад хэрэгжүүлэх нь нэг хоёр хүний ажил биш. Энэ бол улс төрийн зориг, ойлголцол, сурталчилгааны гүйцэтгэлийн баг, мониторинг, тойрог дээр ажиллаж байгаа хүмүүсийн туршлага… маш олон зүйлээс хамааралтай. Сонгуулийг удирдаж байгаа манлайлагчийн нэр хүнд, багтайгаа ойлголцох чадвар бас их үүрэгтэй. Технологи хэрэгжүүлэх, стратеги боловсруулах багтаа итгэж, ажлаа даатгах гэдэг бол бас том ажил шүү. Л.Оюун-Эрдэнэд нэг сайн чанар байгаа нь багтаа бүрэн итгэж байна. Б.Баатар, А.Амундра нарт бүрэн итгэж, тэдний талаар гарсан бүх хов жив, дайралтыг үл тоож баталсан стратегээ тууштай хэрэгжүүлнэ гэдэг бол сайн чанар. Л.Гантөмөр хажууд нь хүүхдээрээ, гэнэн цайлган байна лээ.
– Амундра, Баатар нарын сонгуулийн сурталчилгаа явуулсан арга барил, онцлогийг Та юу гэж дүгнэх вэ?
– Спортын тоймч биш, би дүгнэх ч хаашаа юм. Олон жил улс төрийн технологийн салбарт байгаа хүний хувьд ажиглалтаа хуваалцаж болно. Нэр хүнд нь шалан дээр унасан намын сонгуулийн сурталчилгааны ялалтын стратегийг гаргана гэдэг бол амар ажил биш шүү! Маш их дарамт, эрсдэл дунд ажилласан байх гэж эхний ээлжинд төсөөлж байна. Эцсийн үр дүнг төсөөлж чадахгүй гарууд ирээд янз
бүр болоод, үймүүлэх бол монголын практикт түгээмэл байдаг. Тэр тэднийг тойроогүй
байх.
Стратегийн стоицизм гэх ойлголт одоо их дэлгэрч байна. Юу гэхээр боловсруулсан стратегийн үр дүн гарах хүртэл сэтгэл зүйл хувьд тогтвортой байж, сэтгэл хөдлөлөө хянаж, зорьсон үр дүндээ хүрэх, тулгарсан бэрхшээлүүдийг ухаалгаар давахад төвлөрөхийг эрхэмлэдэг болжээ. Ингэж байж л гаргасан шийдвэртээ тууштай байж, зорилтдоо хүрдэг. Цаг зуурын дайралт, хийрхэл, намчирхлыг тэсээд гарна гэдэг бол
том чадвар шүү. А.Амундра, Б.Баатар хоёр гол нь ингэж чадсан учир үр дүн гарлаа.
– Тэд яг юу хийчихсэн юм бэ?
– Бүхний нүдэн дээр ил болсон юмыг ярих чинь жаахан тийм биш үү?
– Олон зүйл ойлгомжгүй байгаа учраас тодруулах шаардлагатай байна. Та арай дэлгэрэнгүй, тодорхой хэлчих л дээ.
– Сонгогчдод, олон нийтэд сонгуулийн сурталчилгааны нарийн ширийн ойлгогдох албагүй л дээ. Яахав, улс төрч болох гэж байгаа, улс төрийн технологийг ойлгох хүсэлтэй цөөн хүмүүс байдаг бол тэдэнд зориулах маягтай ярьж болох юм.
За, жишээ нь: – Сонгуулийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн бодит байдлын талаар хүчтэй гаргаж тавьлаа. Системийн авлигал гэх ойлголтыг эргэлтэнд оруулж, түүнийг бүтээгч, хэрэгжүүлэгч нь Ц.Элбэгдорж юм гэдгийг дэлгэн харууллаа. Энэ бол өнгөц харахад шуугиан тарих гээд байгаа, Ц.Элбэгдоржийг харлуулах гээд байгаа, сонгуульд ямар ч хамаагүй зүйл дэлгээд байгаа мэт боловч стратегийн хувьд асар чухал нүүдэл юм.
Ийм нүүдлийг хийх шийдвэр гаргана гэдэг бол хэн хүний чадах ажил биш шүү. Үүнийг хийснээр МАН хэд хэдэн давуу тал олж авсан.
Нэгд, Ц.Элбэгдорж болон түүний гар хөлүүдийг таниулж, жигшүүлснээр өөрийн хатуу дэмжигчдийн эргэлзээг арилгаж чадсан. Хоёрт, Ардчилсан нам хүзүүгийн нөлөө, удирдлагад байгааг илчилснээр тийш ханарах савагч сонгогчдын саналыг тарамдуулах боломж олсон. Гуравт, нийгэмд буй цөөн боловч эрүүл сэтгэгчдийг талдаа татаж, дэмжлэгийг авсан. Сахал Б.Билэгт өөрөө ирж, Ц.Элбэгдоржийн
талаар ярилцлага өгнө гэдэг бол хүзүүгийн мөн чанарыг олонд таниулсан чухал шийдэл шүү.
– Та энэ сонгуулиар ажилласан уу, аль намтай?
– Маш их ажилтай байсан тул би бараг оролцоогүй шахам. Надад 2 кино зохиол, нэг жүжиг бичих захиалга ирсэн болохоор тэрийгээ л нухахад хамаг цагаа зарцуулсан. МоАХ-ны ажлын хэсэг Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн суурийг гаргасан юм. Тэр багт зөвлөх маягтай жоохон оролцсон. 3+30+300 эрчимт хөгжлийн төлөвлөгөө гэж мөрийн хөтөлбөр боловсруулсныг Ардчилсан нам тэр чигээр нь авч ашигласан. Бэлэн юм аваагүй гэж харагдах гэсэн үү нэрийг өөрчилж 800 болгох гээд тэр нь хятад бэлэгдэл болчих гээд 900 болгосон байна лээ.
Уг нь тэр хөтөлбөр дээр сайн мэргэжилтнүүд суусан юм. Хийх ажлуудаа олон улсын хэмжүүр, индекстэй уялдуулах гэж их зүгээр санаа орсон байсан. Нийтлэг хэмжүүрээр үр дүнгээ хэмжихгүй бол нэг нам өөрийн хэмжүүрээр “манай хөтөлбөр 90 хувь биеллээ” гэж мэдэгдэх нь тэнэгдүү хэрэг.
Хятад ядуурлаа арилгасан гэж ярьдаг нь нийтлэг хэмжүүрээр биш өөрсдийн хэмжүүрээр хэлж байгаа юм. Дэлхий даяарт өдрийн 2 доллараас доош орлоготой хүнийг ядууралд
өртсөн гэж хэмждэг байхад хятад тэр шугамыг доошлуулж 1 доллар болгоод л “ядуурлыг арилгачихсан”.
– Таныг “Элбэгдоржийн бүтээсэн Системийн авлигал” цувралыг хийсэн гэх юм билээ, үнэн үү? Хэд хэдэн хүн нэр зааж ярьсан…
– “Муу л бол хойд захын хар овоохой” гэж хэлц үг байдаг даа. Тэр л болж байгаа хэрэг. Надад тийм цуврал хийх зав үнэндээ л байсангүй. Яахав, намайг хар овоохой болгон ярьж таашаал эдэлдэг хүмүүс байна аа. Би үгүйсгэх гээд хөөцөлдөөд явах цаг ч алга, сонирхол ч алга. Арилан дэлгэрэхийг хичээж яваа хүний хувьд миний нэрийг мууд барьсан нь тэдэнд өгөөжтэй тусаасай, ач тусаа өгөөсэй л гэж хүсэх байна.
Миний нэрийг муугаар дурдах нь хэн нэгний сэтгэл санааг өргөдөг, баясал төрүүлдэг, харилцааны давуу тал олгодог бол болоо доо. Нэрээ хичээх өчүүхэн зангаа татаж явсан минь дээр.