
Монголын Жюү Жицүгийн холбооноос монгол улсад гурав дахь том тэмцээнийг хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус холбооноос 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан туршлагатай билээ.
Жюү жицүгийн Зүүн Азийн АШТ Монголд болно
Тэгвэл Монголын Жюү Жицүгийн холбооноос Зүүн Азийн АШТ-ийг энэ сарын 15, 16-ны өдөр зохион байгуулна. Энэ тэмцээн Монгол бөхийн өргөөнд болох юм.
Тэмцээний өмнө Монголын Жюү Жицүгийн Холбооны менежер Г.Монголжинтой ярилцлаа.
-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Танай холбооноос баяр наадмын дараа хоёр томоохон тэмцээнийг хүлээн авч зохион байгуулах гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сайн байна уу. Манай холбооноос дотоодын том тэмцээн уралдааныг жилдээ 7 орчим зохион байгуулдаг. Харин бид саяхан БНХАУ-ын Эрээн хотод Олон улсын тэмцээнээ амжилттай зохион байгуулсан. Одоо наадмын дараа энэ жил 6 дахь удаагаа Олон улсын “Ulaanbaatar pro” нэртэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 800-гаад тамирчин оролцоно. “Ulaanbaatar pro” тэмцээн маань анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас өдийг хүртэл жил ирэх тусам тамирчдын болон улс орны тоо нэмэгдсээр байгаа.


Жюү Жицүгийн холбоо нь спортын аялал жуулчлалыг эх орондоо хөгжүүлж байна
-Жюү жицүгийн холбоо Монгол улсад өмнө нь хоёр том тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.Үүнийг дагаад өөрийн улс эх орноо ч гадны тамирчид, улсад таниулж чадсан. Мэдээж энэ удаагийн Зүүн Азийн АШТ мөн онцлогтой болох байх?
-Манай Жюү жицүгийн холбоо 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан. Түүнээс хойш 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 60 гаруй орны оролцоотойгоор зохион байгуулсан нь Монголын спортын түүхэн дэх насанд хүрэгчдийн дундах нэлээн том арга хэмжээ болж чадсан. Монголын Жюү жицүгийн холбоо спортын аялал жуулчлалаар дамжуулж, улс орондоо хувь нэмрээ оруулахыг зорьдог учраас жил бүр том тэмцээнүүдийг зохион байгуулах, гадны инфлүүнсер тамирчдыг улс орондоо ирүүлж, тэмцээндээ оролцуулан аялал жуулчлал талаас нь эдийн засаг талаас нь дэмжиж оролцохыг маш их хичээдэг.


Жюү жицүгийн гурав дахь том тэмцээн 7 дугаар сарын 15, 16-нд болно
-Спортын тэмцээн уралдааныг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулна гэдэг нь дагаад эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг авчирч байдаг байх?
-Тийм. Улс эх орноо тэмцээний үеэр бүрэн хэмжээнд сурталчилах, мөн Монгол улсын өв соёл, ёс заншил, түүхийг таниулдаг. Үүгээр дамжуулан Монгол улсад тэмцээнд оролцохоор ирсэн баг тамирчдын урсгал зардал, бараа худалдан авалт гээд л бүх л мөнгөний эргэлт манай улсад үлдэж байгаа гэсэн үг. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг жишээ аваад үзэхэд манай улсын эдийн засагт 7 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг спортын тэр дундаа жюү жицүгийн аялал жуулчлалаар дамжуулан татаж чадсандаа бид баяртай байдаг. Энэ мэтчилэн спортын аялал жуулчлал улс эх оронд маш их хэрэгтэй. Иймээс ч спортоор дамжуулан эх орныхоо түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх нь улс орны аялал жуулчлалын салбарт маш том нөлөө үзүүлдэг гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.
Амжилт хүсье 🙇