УИХ-ын ес дэх парламентын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүдийн тангараг өргөх ёслол төрийн ордонд болсон. Анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилсон.
Х.Тэмүүжин: “Парламет болгон өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой”
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Парламент болгон өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой. Гэтэл харамсалтай нь ирэх дөрвөн жилд парламентыг хэн удирдах вэ гэдэг асуудал дээр ямар ч хэлэлцүүлэггүйгээр гар өргөхөөр дэг хийчихсэн юм байна. Парламентын ардчиллыг бүрдүүлье гэж бодож байвал шинээр бүрдүүлж буй парламент өмнөх парламентаас өөр дэг хэрэгжүүлэх боломж нь байдаг. УИХ-ын дарга болж буй хүнтэй холбоотой таван зүйл хэлэхийг хүсэж байна.
- “УИХ-ын дарга гэдэг хүн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд орж, парламентаас гадуур эрх эдэлж болохгүй. Үүнийг зогсоох ёстой. Үндсэн хуулиар ч үүнийг зааж өгөөгүй.
- Тусгай хяналтын дэд хороотой холбоотой үүргийг сайжруулахгүй бол Монгол Улсын иргэн рүү халдаж буй тагнуул, цагдаа гэх мэтчилэн олон байгууллагын гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур орхигддог болчихсон байна. Иргэний үндсэн эрх рүү халддаг энэ үйлдлийг Хууль зүйн байнгын хороо руу юм уу дотоод хэргийн асуудал руу шилжүүлэх ёстой.
- Парламентын засаглал бүхий ардчилсан орон ямар ч парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдоод нэг байшинд байж болохгүй. Ийм учраас энэ удаагийн парламент зориг гаргаад төрийн ордноос Засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна.
- Эвслийн Засгийн газар байгуулагдах яриа албан бусаар яригдаж байх шиг байна. Энэ тохиолдолд парламент суларна.
- Хуулийн засаглалыг тогтооё гэж байгаа бол авлигатай тэмцэх ажилд парламент тэргүүлэн оролцох ёстой.” гэв.
Дийлэнх олуулаа болоод сонгуульд ялчихаад, хамтарсан засаг байгуулах тухай яриа бол үнэндээ утгагүй зүйл. Эсвэл айдаст автчихсан байгаа хэрэг.