Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Энэ талаар “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Хайлааст орчимд нийт 300 гаруй метр далангийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд нийт таван байршилд далан сувгийн засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 50 хувьтай үргэлжилж байна. Мөн Жаргалантын ам дагуу шинээр далан сувгийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар буюу долоодугаар сарын 2-ны өдөр Хайлаастын үерийн хамгаалалтын далангийн хэсэгт шинээр 150 ширхэг 15 см-ийн зузаантай хавтан суулгаж, ажил 60 хувьтай үргэлжилж байна” гэлээ.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд гэр хорооллын үерт автдаг бүсүүдэд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг хийж байна. Мөн Хүүхдийн төв сувиллын урд талын үерийн суваг, “Бөмбөгөр” худалдааны төвийн хойд талын үерийн сувгийг засварлахаар бэлтгэж байгаа бол Жаргалантын аманд шинээр далан сувгийн ажил хийхээр төлөвлөж байна.
Ташрамд Хайлаастын үерийн хамгаалалтын даланг 1980 оноос хойш шинэчлээгүй бөгөөд усны ачаалал даахгүй идэгдэж эмтэрсэн юм. Иймд ашиглах боломжгүй болсон хавтанг шинэчлэн сольж байгааг мэргэжлийнхэн онцоллоо.
Эx Сурвалж:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС