Спорт бол орон зай, цаг хугацаа, дэлхийн аль ч оронд байсан хил хязгааргүй ийм л сайхан салбар. Спортыг би энэ л амьдралын хамгийн эрүүл эерэг, аз жаргалтай, бахархал төрүүлсэн мэдрэмж өгдөг гоё салбар хэмээн тодотгомоор байна.
1924 оны энэ өдөр Францын нийслэл Парис хотод
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо үүсгэн байгуулагджээ
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо буюу AIPS тэртээ 100 жилийн өмнө 1924 оны энэ өдөр Францын нийслэл Парист байгуулагдсан түүхтэй.
1990 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагааны санаачилгаар Монгол улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулж байжээ.
Харин 1995 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэж байна.
Монгол улсын спортын сэтгүүлчдээс Соёлын гавьяат
зүтгэлтэн 12 төржээ
Монгол улсын Спортын сэтгүүлчид дундаас Соёлын гавьяат зүтгэлтэн 12 төрөн гарчээ. Тэгвэл Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй 80 гаруй спортын сэтгүүлч, идэвхтэн бичигчид хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байна. Монгол улсын Спортын сэтгүүлчдээс 2014 онд БНСУ-д болсон “Инчон”-ы Азийн наадам, 2016 оны Бразилд болсон “Рио-2016” Зуны олимпын наадам, 2023 онд БНХАУ-ын Ханжоуд болсон Азийн наадмуудыг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй сурвалжлан ажиллаж байсан. Монгол улсаас олимп, тив дэлхийн наадам, спортын тэмцээн уралдаан, томоохон тэмцээнийг цаг алдалгүй, спортын үйл амьдралын тухайн торгон агшныг үзэгчид, спортын фэнүүддээ сурвалжлан хүргэдэг Монголын спортын сэтгүүлчид буюу үзэгтэй тамирчиддаа 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.
Спортын сэтгүүлчид бол онцгой авьяастнууд
Спортын үйл амьдралд баяртай гунигтай, ялалт ялагдал, тухайн торгон агшин хэзээ ч дахин давтагдахгүй тийм л ховорхон мөч байдаг. Энэ л торгон мөчийг мэдэрч олимп, тив дэлхийн тэмцээн уралдааныг сурвалжлан үзэгч, олон түмэнд өргөн утга агуулгаар, том дүр зургаар хүргэн ажиллана гэдэг ажил мэргэжилдээ дуртай, хайртай хүний хийж гүйцэтгэх ажил алба юм. Тэд тамирчдын баяр хөөр, ялалтын агшин, ялагдлын харууслын нулимстай бүх л цаг үеүдэд тамирчдыг маш онцгой мэдрэн ажилладаг хүмүүс билээ.