УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар МАН 68 суудал авсан бол Ардчилсан нам 42 суудал, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг нам 4 суудал аваад буй. Харин одоо Их эвслийн засгийн газрыг хэрхэн байгуулах нь олны анхааралд байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “МАН засгийн газраа байгуулахдаа ч АН, ХҮН намаас төлөөлөл оруулах ёстой. МАН засгийн газрын гишүүдийн 60 хувийг бүрдүүлж үлдсэн гишүүдийг бусад намаас авна” гэжээ.
Тэгвэл уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, “АН хамтарсан засагт орно гэсэн мэдээлэл савнаасаа хальж байна. АН бол дарга мэддэг нам биш. Үндэсний бодлогын хороогоороо асуудлаа хэлэлцэж шийддэг нам. Сонгуулийн үр дүнг Үндэсний бодлогын хороогоороо хэлэлцэж, хамтарсан засагт орох эсэх асуудлыг ярих ёстой.
Өнгөрсөн найман жилд эрх баригчид хийсэн ажил байхгүй, хулгай л хийсэн. Тиймээс ард түмэн эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчний үүргээ биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн. Тэгэхээр сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллана. Сөрөг хүчин байна гэдэг зөвхөн шүүмжлээд байна гэсэн үг биш. Том том бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудал дээр хамтдаа Монгол Улсынхаа хөгжлийн төлөө дэмжээд явах боломжтой” гэсэн юм.