Энэ хүнийг Нямаагийн ЦЭВЭЭН гэдэг…
Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн тойрог бол мөнгөн далай юм. Монголын хамгийн том мөнгө энд эргэлдэж байна даа. Толгой эргүүлсэн энэ өдрүүд удахгүй дуусна. Санал өгч дүн гарахад халамж тавьж анхаарсан, мөнгө амлан мөргөж гуйсан хүмүүс ч бас алга болдог. Нөгөө айхтар их мөнгөнийх нь буян хэдхэн баянд нь л хэрэг болдог. Сэтэрлээд тавьчихсан юм шиг хэдэн хүн хэчнээн жил ялав, хэн хожив. Дахиад л ийм сонгуулийн дүн гарч, ард түмэн ялагдсан сонгууль гарч болзошгүй. Амаа барьж хоцрох вий. Бүү тэг, энэ удаа өөр сонголт хий.
Монгол орон, баруун хязгаар олон сайхан охид, хөвгүүдтэй. Мөнгөөр шуурсан шударга бус өрсөлдөөн дундаас залуу сайхан тэднийхээ нутаг усаа гэсэн сэтгэл зүрхийг, баруун нутгийнхаа хөгжлийг мэдээд, хийж чадахаа ойлгоод зориглосон эрүүл зөв хүмүүсийг олж харахсан! Сонгоод гаргаад ирэхсэн!!!
“Үндэсний Эвсэл”-ээс Нямаагийн Цэвээн гэж хуульч залуу баруун бүсийн сонгуульд өрсөлдөж буй. Увсын Улаангомд төрж өссөн, 18 настайдаа Улаанбаатарт ирж, Монголын өнцөг булан бүрээс хамгийн өндөр оноотой хүүхдүүд элсэн ордог, суралцаж байхдаа ч хамгийн их өрсөлдөөнийг давж тунан үлддэг МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд дээд боловсрол эзэмшин эрхзүйч мэргэжил эзэмшсэн хүн. Хуульчдын амьд шүтээн академич Ц.Нарангэрэл нарын шавь. Увс гэхээр нэр төртэй хуульчид нь санаанд ордог. Н.Цэвээн нутаг усныхаа бахархал болсон хуульчдын буухиаг залгасан мэргэшсэн хуульч.
Хуульчаар ажиллана, үйл хэргээрээ нийгэмд үйлчилнэ гэдэг нь математикч шиг логикоор сэтгэх, геологич шиг эрж хайх, түүхч антропологич шиг уг үндсийг шинжлэх, эдийн засагч шиг нарийн тооцох, философич шиг харьцуулан дүгнэхийн нэр юм билээ. “Үндэсний Эвсэл” Увс, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн Баруун бүсэд хуульч Н.Цэвээнийг сонгон УИХ-д илгээхээр сонгуульд дэвшүүлж, “Хууль засаглана!” хэмээн уриалж байна. Хуулийг ашиг сонирхлын бүлгүүдэд таацуулан зохиох биш, үндэсний үйлдвэрлэл хөгжиж, үндэстнээрээ баяжихын төлөө зохицуулан батлах ёстой. Хөрөнгө чинээтэй хүмүүс УИХ-д сонгогдвол улс төрийн тоглоом бодож олдог. Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр хуулийг дотроос нь захиалан засагладаг үеийг жинхэнэ хуульчид л дуусгаж чадна. Шинэ залуу хуульчдын шударгаар төр барих цагийг сонгогч та бид энэ сонгуулиар авчирч чадна.
Хууль гэж юу болохыг А-гаас нь Хууль зүйн сургуулийн академик орчинд шимтэн судалж, хуулийн үнэ цэн, хүч чадлыг иргэдэд хуулиар үйлчилсэн ажил мэргэжлийн бүхий л цаг хугацааныхаа туршид таньж мэдсэн Н.Цэвээн шиг туршлагатай хуульчдыг хууль боловсруулах, батлах дээд байгууллагад олноор сонгох цаг иржээ. Хуулийг өөрчлөх, сайжруулах эрхээ ард түмэн мэргэшсэн хуульчдаараа дамжуулан эдлэхгүй юм бол ямар их цаг, боломжоо шударга бус хүмүүст зориулдгийг бид өнгөрсөн 34 жилийнхээ амьдралаар төлсөн. Одоо хохирлоо барагдуулах, алдаагаа залруулах л үлдлээ.
Энэ хүнийг Нямаагийн ЦЭВЭЭН гэдэг…